
Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр иргэн Б.Цэцэг Сонгинохайрхан дүүргийн хэсгийн хороонд очиж санал өгөхдөө, бүх үйл явцаа дүрсжүүлж аваад олон нийтийн сүлжээнд тавьсан байдаг. Тодруулбал саналын хуудас гардаж аваад, түүн дээр юу ч бөглөөгүй гэдгээ камерт ил харуулж, бүхээгт суулгүй шууд санал тоолох машин руу шургуулсан юм. Ингээд иргэдийг ч мөн цагаан сонголт хийвэл үзэл бодолдоо үнэнч байгаагийн нэг хэлбэр гэх утгаар уриалсан.
Харин СЕХ-ноос мэдэгдэл гарган саналын хуудсынхаа зураг, дүрсийг авч цахим орчинд байршуулах нь хуулиар хориотой гэдгийг онцолсон бөгөөд эл үйлдэл Зөрчлийн тухай хуулийн 17.1.30-д заасны дагуу 10 мянган нэгж буюу 10 сая төгрөгийн торгуультай хэмээж байв.
Тэгвэл Б.Цэцэгийг цагдаагаас гэм буруутайд үзэж 10 саяын торгууль ноогдуулсан бөгөөд Б.Цэцэг түүнийг үндэслэлгүй гэж үзэж, СХД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан байна.
Шүүх хурал өнөөдөр болж, Б.Цэцэгийг гэм буруугүй гэж үзэж, торгуулийн хуудсыг хүчингүй болгожээ.
