
Монголд “Моннис” групп төр захиргааны байгууллагад автомашин шахдагаараа алдартай. Одоогоос 10 гаруй жил өмнө УИХ-ын байнгын хорооны дарга нар унах “Ниссан” маркийн машинуудыг нийлүүлснээс хойш амташчихсан гэж болно. “Моннис” группийн мэдэлд “Ханброй”-н дугуй байшин бий. Хуучнаар “Бамбарууш” кафе. Энэ барилгыг “Моннис” группийн захирал Б.Чулуунбаатарын эзэмшлийнх. Тиймээс төрөөр хуучин кафег сэргээн ажиллуулах гэж сэтгэсэн сэргэлэн хүн дээ.. Тэгээд ч Б.Чулуунбаатар НАМЗХ-ны угшилтай, хажуугаар Ерөнхийлөгч манай нутгийнх гээд сүрхий харц дээгүүр явдаг болсон сурагтай.
“Моннис” группийн охин компани “Моннис моторс” өнгөрсөн оны наймдугаар сард Нийслэлтэй гэрээ байгуулж 23 тэрбум 50 сая төгрөгөөр сургуулийн автобус нийлүүлэх болсон. Уг гэрээг тухайн үед нийслэлийн хөрөнгөөр худалдаж авах нөхцөлтэй хийжээ.
Ингэхдээ нийт 350 тэрбум төгрөгийн үнэ бүхий худалдан авалтын 23 тэрбум 50 сая төгрөгөөр үнэлэгдэх 75 автобусыг нь 2020 онд багтаан нийлүүлэхээр заажээ. Энэ гэрээ мөн 2021 онд дахин 75 автобус нийлүүлэхээр үзэглэжээ. Гэтэл сүүлийн хоёр жил хөл хорио тогтоогоод бага дунд сургууль байтугай их дээд сургуулиуд танхимаар хичээллэхгүй, хүүхдүүд гэрээсээ ч гарахгүй байгаа. Гэтэл сургуулийн автобусанд хэдэн арван тэрбумаар мөнгө зарна гэдэг, төр захиргаа болон хүүхдүүдэд ашиггүй. Тэгээд ч сургуулийн автобуснууд огт үзэгдэхгүй байгаа. Анх үзүүлэн болгож таван автобус хүмүүст харуулахад үнэтэй, шахааны гэж иргэд шүүмжлээд нүүр хийх газаргүй болгосон удаатай.
Угтаа бол “Моннис моторс” ХХК-ийн нийслэлтэй хийсэн дээрх гэрээнд автобус нийлүүлэх он сарыг цагаан дээр хараар тодорхой бичиж гарын үсэг, тамгаараа баталгаажуулсан. Гэсэн ч одоог хүртэл 23 тэрбум 50 сая төгрөгөөр үнэлэгдэх хүүхдийн 75 автобусны ердөө 5-хан ширхгийг нийлүүлж, үлдсэн 70 нь ор тас нийлүүлээгүй байна.