
Зовхи минь бууж, зүрх минь шимширч, хөл минь суларч, цээж минь бачуурсан яасан хүнд өдөр вэ..... Чи минь даанч яав даа, чийртэй муухай ховнуудаас залхаа юу, чичилсэн муухай хүмүүстээ гомдоо юу, чивэлт муу хүний гарт үрэгдээ юу, чиглэсэн муу хараалын суманд өртөө юу? Ухарч шантарч үзээгүй дайчин юм сан, урвайж гундаж суудгүй тэнхээтэй юм сан, гомдож цөхөрч унадаггүй хаттай юмсан, гологдож гоочлогдож амьдрахааргүй галтай юм сан. Чиний агуу их зориг тэвчээрийг би биширдэг байсаан, чиний агуу их хүсэл эрмэлзлийг би бахаддаг байсаан, чиний монголоо тээсэн зүрх сэтгэлийг чинь хайрладаг байсаан, чиний өв соёлоо гайхуулсан чадварыг чинь үнэлдэг байсаан. Арван хуруу тэгш хүн байдаггүй гэж ам дамжин хэлдэг хирнээ, атаа хорсол, атгаг сэтгэлдээ баригдаж адгийн муугаар нэгнээ хэлдэг, арчаагүй зангаар нэгнээ хэмэлдэг, алдаан дээр нь дэвсэлж ханадаг, амжилтан дээр нь атаацаж харлуулдаг адгийн муухай зангаасаа хэзээ салах вэ монголчуудаа?????
Хүнийг алдаатай, оноотой нь хайрладаг байя л даа, хүнийг сүүтэй, сүүдэртэй нь ойлгодог болъё л доо, хүний амьдралд хошуу дүрдгээ больцгооё л доо, хүчирхэг нэгнээ бүүрэлхэн дэгээддэгээ өөрчилцгөөе л дөө! Хүнд тус болж чадахгүй бол гай болохгүй амьдаръя гэж хэлж сурцгаая, хүнийг шүүж эдлэвлэхийн оронд өөрөө өөртэйгээ тулж сурцгаая, хүмүн болсон заяандаа хор биш хайр бялхааж явахыг хичээцгээе, хүний нийгэмд хов биш хүндлэл түгээж явахыг эрмэлзэцгээе! Уулзаж үзээгүй ч ухаан бодолд минь нар шиг гийсэн охин минь уйт амьдралыг ухаан зааж туулж явсан, хатуу орчлонг хат дааж сөрж бас сэрж явсан. Монгол улс чамаар дутна, монгол өв соёл чамаар бүдгэрнэ, монгол түмэн чамайг үгүйд уйлан харуусна, монгол тэмээд чамайг үгүйд буйлан хайлна! Чамдаа сэтгэлийн түмэн зул өргөж үдье, чамдаа итгэлийн буман гэрэл сацрааж сүсэлье, чинийхээ ар гэрт амгаланг ерөөж залбиръя, чинийхээ чадал хүчийг эгнэгт биширч үлдье дээ!
Б.Эрдэнэтуяа 2021.5.16 Тэмээчин бүсгүй Mongolian camel girl

