
Хилийн цэргийн 0168 дугаар анги буюу Дорноговь аймгийн Хатанбулаг сум дахь Сулинхээр отрядад алба хааж байсан цэрэг нас барсан мэдээллээр Хил хамгаалахын ОНХА-ны дарга Д.Энхтайванаас тодруулахад “Өмнөговь аймгаас цэргийн албанд татагдсан, 7-10 хоногийн дараа халагдах 20 настай хал цэрэг нас барсан" гэдгийг хэллээ.
Хэрэг гарсан газарт цэргийн долоон алба хаагч, ахлагчтайгаа, ахлагч нь эхнэрийн хамт амьдардаг байжээ. Долоон алба хаагч хоёр гэрт хуваагдан амьдарч байсан бөгөөд хэрэг гарахын өмнөхөн талийгаач "малаа хараад ирье" гээд гэрээс гарчээ. Үүнээс арван минут хүрэхгүй хугацаанд өөр нэг алба хаагч араас нь гарсан бөгөөд тэрбээр "малын саравчинд өөрийгөө боомилчихсон байна" гэж ахлагчдаа хэлснээр эмнэлэг, цагдаагийн байгууллагад дуудлага өгчээ. Уг хэргийг Дорноговь аймгийн цагдаагийн хэлтсээс шалгаж байна.