“Сүмт өргөө” гэж суусан газраасаа шороо атгадаг компани бий гэж хүмүүс атаархдаг. “Сүмт өргөө” ХХК-ийн захирал Б.Лхагвадорж Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн төрсөн дүү. “Сүмт өргөө” ХХК Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зарласан Шүүгчдийн албан тушаалын орон сууцны тендерт шалгарч байсан гэдэг. Мөн “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв” улсын төсөвт үйлдвэрийн газар нь галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй, шуурхай, найдвартай, үр ашигтай удирдлага, зохицуулалтын нэгдсэн тогтолцоог хөгжүүлэх үндсэн үүрэгтэй. Гурван хэлтэстэй үйл ажиллагаа явуулдаг тус байгууллага түрээсийн байранд “амьдардаг” юм байна. Тус төв нь гадаад худалдаа, барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Сүмт өргөө” ХХК-д сар бүр найман сая гаруй төгрөгийг байрны түрээсийн төлбөрт шилжүүлдэг гэж яригдаж байлаа. Сүүлд 2020 оны эхээр "Сүмт өргөө" ХХК Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв УТҮГ хоёр Баянгол дүүргийн шүүхээр орж заргалдсан...
Саяхан Монголбанкны ерөнхийлөгч 300 саяар тоног төхөөрөмж худалдан авч, “гүзээгээ арилгах” тендер зарласан нь баригдаж, ичсэндээ буцаасан. Иргэд хэмнэлтийн горимд амьдарч, бүсээ чангалж байхад Монголбанкны ерөнхийлөгч 300 саяар фитнессийн тоног төхөөрөмж авна гэж бодох нь мөн бөх зүрх шүү. Б.Лхагвасүрэн 1994 оноос хойш өнөөг хүртэл Монголбанктай ажил амьдралаа холбож, төв банкны ерөнхийлөгч боллоо.
Төрсөн дүү Б.Лхагвадоржийн бизнес өргөжиж, Монголын толгой баячуудын эгнээнд багтжээ. “Сүмт өргөө”-гийн эзэн Б.Лхагвадорж Хан-Уул тауэр, Сан-Роуд, Royal Mountain гэсэн хэдэн тэрбумаар үнэлэгдэх обьекттой. Бизнесмэн Б.Лхагвадорж Замын цагдаагийн чанх урд байрлах цэнхэр өнгөтэй 16 давхар барилгыг "Хуанжу гэг" киноны голд дүрд тоглосон жүжигчин Жао Вэй-гийн нөхөр Сингапурын тэрбумтан Хуан Ёулонг-д 2012 онд 15 сая ам.доллараар зарсан гэж шуугиулж, олны атаархлыг төрүүлж байлаа.
Том хүн том л хөдөлнө. 2020.09.14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн "Москва" хороолол дунд байрлах Ерөнхий боловсролын 153 дугаар сургуулийн хаалгыг гаднаас нь түгжсэн гэж бөөн дуулиан болсон. Тэр даалгаврыг өгсөн “хэргийн эзэн, хэнгэргийн дохиур” нь Б.Лхагвадорж байсан гэдэг.
Тэрбээр анх сургууль, цэцэрлэг барьсан газрыг хувь хүнээс худалдан авч, авсныхаа дараа өөрсдийн хөрөнгөөрөө барьж Архангайн гишүүдээр лобби хийлгүүлж барилга баригдах явцад тендер зарлуулж, төсөвт 15 тэрбумыг суулгуулж чадсан сүйхээтэй эр гэх юм билээ. Лобби хэрэглэж төсөвт 15 тэрбумыг суулгуулсан учраас Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар ижил төстэй барилга байгууламж 8-9 тэрбумын өртөгтэй байхад Б.Лхагвадоржийн барьсан 960 хүүхдийн сургууль, 280 хүүхэд хүлээн авах чадалтай хоёр байгууламж яагаад ч 15 тэрбум төгрөг болохгүй гэж хэлж байв. Гэтэл Б.Лхагвадорж хэд дахин нугалсан үнийг төсөвт суулгаж, сургууль цэцэрлэгийг гаднаас нь дангинатал түгжлээ гэж бөөн дуулиан тарьсан. Төвбанкны ерөнхийлөгч, түүний төрсөн дүү хоёр үнэндээ атаархмаар том байна даа.
