
Сүнээ гэж алдаршсан Б.Сүндэръяа СУИС-ийг 2015 онд бүжигчин, бүжгийн багш мэргэжлээр төгссөн. Оюутан байхдаа 2013 онд “Sunee’s Ballet” сургалтын төвөө нээжээ. Асрамжийн төвийн хүүхдүүдэд үнэгүй балет заагаад долоон жил болж байгаа аж. Сүнээ сургалтын төвөө нээчихээд 1900-1950 руу утасдан хэдэн асрамжийн төвийн дугаар аваад “Би балетын багш мэргэжилтэй.Танай төвийн хүүхдүүдэд тусалмаар байна. Надад мөнгө байхгүй ч чаддаг зүйлээрээ туслах сэтгэл байна. Үнэгүй балет зааж өгье” гэж холбогджээ. Сүнээ эхний 3 жил хагас, бүтэн сайн хоёр өдөр өөрөө очиж хүүхдүүдэд балет зааж эхэлсэн. Ээж аав хоёр нь Сүнээг өсвөр насны хүүхэд байхад салсан нь хүнд цохилт болсон гэдэг. Тиймээс бүтэн хайр мэдэрч өсөөгүй хүүхдүүдэд надаас илүү хэцүү байдаг байхдаа гэж бодоод тэдэнд туслах сэтгэлээ ажил хэрэг болгосон хэрэг. Анх Сүнээ ингэж ажиллаж явжээ.
Сүүлд улстөрчидтэй холбогдон, хамтран ажилласнаар нэр хүнд нь сэвтэж эхэлсэн. Сэргэлэн бүсгүй Сүнээ Дандар баатрын зээ охин гэж анх олонд танигдсан. Мөн НИТХ-ын төлөөлөгч Г.Гангамөрөн Дандар баатрын үр удам. Г.Гангамөрөн, Дандар баатрын өргөмөл хүү Ганбаатарын охин. Г.Гангамөрөн Сүнээг “Данжаад” гаралтай гэж байсан. Харин Б.Сүндэръяа Дандар баатрын цусан төрөл, Дандар баатрын “нууц” гэх хүүгийн охин гэж хэлэх “цус шинжээчид” бий. Сүнээ нэг үе засгийн газрын шийдвэрийг хамгийн түрүүнд мэдээлдэг байсан. Юутай ч 2019 оны 5 дугаар сарын 29-нд тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын тогтоол гарган, Халхын голын 80 жилийн ойг тохиолдуулан ахмад хилчин, бэлтгэл дэд хурандаа А.Асгалтад орон сууцны дэмжлэг үзүүлэн Засгийн газрын нөөц сангаас 100 сая төгрөг гаргаж өгсөн байдаг.
