Ринчен гуайн зээ хүү Ганибалын Амартүвшин гэж цэмцийсэн залуу Шарк танк нэвтрүүлэг хөтөлж эрээн оймсоороо олонд илүүтэй танигдсан билээ. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар хагас жил ажилласан Г.Амартүвшин өнгөрсөн 2019 оны 12 дугаар сарын 31-нд ажлаасаа гарах хүсэлтээ өгч, удалгүй УИХ-д нэр дэвшин гишүүн болсон. Г.Амартүвшин гишүүн өмнө нь Америк эхнэртэй байсан, ихэр охинтой. Г.Амартүвшин намтартаа дөрвөн хүүхэдтэй гэдэг. Учир нь сүүлд ханилсан эхнэр Б.Дэлгэрмаа нь хоёр хүүхэдтэй. Тэд 2015 онд нэг гэртээ орсон. Хоёр талаасаа хоёр хүүхэдтэй бөгөөд дундаасаа хүүхэдтэй хараахан болоогүй байгаа. Сонгуулийн үеэр эхнэр Б.Дэлгэрмаа нь “Тэр миний итгэлийг алдаагүй, та нарын итгэлийг ч бас алдахгүй. Хүн бүр амьдралын зорилго, ажил мэргэжил, амраг ханиа зөв сонгох зэрэг амьдралынхаа өнгийг тодорхойлох цөөн хэдэн чухал сонголтыг хийдэг. Би тэр сонголтуудаа зөв хийсэн. Элдэв явган хэл аманд итгэсэн бол энэ зөв сонголтоо алдаж ч мэдэх байсан. Гэхдээ би итгэсэн бас сонгосон. Өнөөдөр өөр нэгэн чухал сонголтыг би бас та бүхэн хийнэ. Ирээдүйгээ хамтдаа тодорхойлох чухал өдөр учир элдэв гүтгэлэгт авталгүй зөв сонголт хийгээрэй.
Учир нь бидний амьдрал хувь тавилан, хичээл зүтгэл хоёрын нэгдлээр зохиомжлогддог. Зохиогчид нь бид өөрсдөө. Эх орон, гэр бүлээ сонгож төрдөггүй нь хувь тавилан бол эрх чөлөөгөө баталгаажуулж, ирээдүйгээ өөрчлөх сонголтоо хийх үүрэг нь хичээл зүтгэл юм. Өнөөдөр бид хичээл зүтгэлээрээ хувь тавилангаа тодорхойлох өдөр. Тиймээс та бүхнийгээ сонгуульдаа идэвхитэй оролцоорой хэмээн хүсье!” гэж ерөөсөн нь нэлээн дэм болсон биз ээ.
Банкир Г.Амартүвшинг их зүйл бүтээнэ гэсэн хүлээлт бий. Гэтэл Г.Амартүвшин Сүхбаатар дүүргээс сонгогдсон шинэхэн гишүүн Ц.Мөнхцэцэгтэй хамт “Чимгээ, Содномдаржааг сулла” гээд хадуурав. Мөн УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Г.Дамдинням, Х.Ганхуягтай хамтран Бизнесийн зээлийн хүүг 50 хувь бууруулах тогтоолын төслийг шинэ оны дараахан УИХ-ын даргад өргөн барьсан.
Гэтэл УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхдаа Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий компанид 33 тэрбум төгрөгийн зээл гаргаж өгсөн баримт ил боллоо. Г.Амартүвшин 2019 оны сүүлийн хагаст Монголын Улсын Хөгжлийн банкны захирлаар ажилласан хугацаандаа 327 тэрбум төгрөгийн зээлийг толгой мэдэн гаргасан байдаг аж. Тухайн үеийн зээлдэгчдийнх нь дунд 33 тэрбум төгрөгийн зээл авсан “Вертекс майнинг сервис” гэх компани багтсан байдаг. Тус компани гурван хувьцаа эзэмшигчтэй бөгөөд 2018 онд автомашины засвар үйлчилгээ, тоног төхөөрөмжийн худалдааны чиглэлээр байгуулагджээ. Тэднийг нэрлэвэл, УИХ-ын гишүүн Г.Дамдинням, “Глобал майнинг сервис” ХХК, Дэлхийгээр аялагчид” группийн үүсгэн байгуулагч, аялагч Ө.Батбаяр нар юм байна. Тэгвэл Улсын Бүртгэлийн ерөнхий газрын албан ёсны мэдээлэлд “Вертекс майнинг сервис” компанийн гүйцэтгэх захирлаар УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай овог нэгт Хассуурийн Хашчимэг гэгч ажилладаг ажээ. Х.Хашчимэг болон УИХ-ын гишүүн Х.Ганхуяг нар бол төрсөн ах дүү. Х.Ганхуяг нь “Хэра инженеринг”-ийн 50 хувийг эзэмшдэг бол түүний охин компани “Хера инвенстмент”-ийн 10 хувийг УИХ-ын гишүүн Г.Дамдинням эзэмшдэг. Ийм ашиг сонирхол нэгтэй нөхөд улсын хөгжлийг дэмжих зорилготой Хөгжлийн хөгжлийн банкны хөрөнгөөс гаргаж авсан байгаа юм.
