Соёлын яам 2020 онд У.Хүрэлсүхийн танхимын шинээр байгуулагдсан яам. Уг нь 2020 оны сонгуулиар У.Хүрэлсүхийн МУИС-ийн Хууль зүйн нэг анги, нэг нутаг Хэнтийнх гэж нутгархдаг жүжигчин Н.Ононг очно гэж яригдаж байлаа. УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр “Х ТҮЦ”-ийн Онон хацраа холцрууттал У.Хүрэлсүхийн төлөө зүтгэсэн. Тиймдээ ч Соёлын сайд болно гэсэн яриа Хэнтийгээр нэг тарж байсан. Хошин шогийн нэг жүжигчинд Соёлын яамаа өгөх хэцүү байсан биз, Ерөнхийлөгчийн хүн гэгдэх С.Чулуун очсон. Сайд болсон өдрөөс хойш С.Чулуун нар өөд хараагүй, Архивын материал арилжсан, хятадуудад зарсан гэж хагас жил нүдүүллээ.
Дөнгөж шинэ сайд, тэгээд ч арилжаа наймаанд муугүй бололтой С.Чулуун сайд баахан тавилга л авч тавьсан. Зул сарын өмнөх өдөр буюу 12 дугаар сарын 25-нд 80 саяар “Анун”-аас тавилга авч, мөн өдөр нэмээд 10 шахам сая төгрөгөөр "ХЕБА трейд" ХХК-аас тавилга авсан. Үүгээр зогсохгүй 49 сая 995 мянга 800 төгрөгөөр “ХААН кастл” ХХК-аас компьютер авсан байдаг. Харамсалтай нь ингэж мөнгө зарж авсан тавилга, компьютер дээрээ сар ч сууж чадалгүй огцорсон билээ. Энэ бүхэн дээр баян буянтай айлын охин Ч.Номин ирж эзэн суулаа. Сайд болсноосоо хойш МАН-ын 100 жилийн концертыг найруулж, намынхаа өмнө үлэмж гавьяа байгуулсан гэх.
Одоо Ерөнхий сайд С.Оюун-Эрдэнийн сард сая төгрөг өгч, сургаж боловсруулах 5000 залууг Соёлын сайд Ч.Номин хувцаслах “хүндтэй” үүрэг хүлээсэн аж. Мөн хөл хорио тогтоосон үеэр Ч.Номингийн телевиз “Ододтой бүжиглэе” шоуг зохион байгуулж, дэглэм нэлээн зөрчсөн гэдэг шүүмжлэлд өртөж байна.
Соёлын сайд Ч.Номинд Соёлын төв өргөө гоё харагдаад байгаа бололтой. Соёлын яам нь Соёлын төв өргөөгөө авч, “толгойг нь мэднэ” гэж дайрч, Хотын дарга Д.Сумъяабазар “Он удаан жил Нийслэлийн мэдэлд байсан, өгөхгүй” гэж хамгаалж байгаа аж. "Уг нь нэг сая гаруй хүнтэй хотын мэдэлд СТӨ байх нь зөв л баймаар, энэ Номин ямар ч ахуйн сонирхолтой юм" гэлцэж байна. Тэгээд удахгүй “Готов нь авсан уу, Шадав нь авсан уу” гэдэг нь тодорхой болох биз ээ.
