Өнгөрсөн зун МҮОНТ-ээр Энэтхэгийн олон ангит “Бурхан багш” кино гарч, үзэгчдийг байлдан дагуулж байлаа. Өс хонзон, хар хор өвөртөлсөн Солонгос, Турк киноноос илүүтэй, Буддын сургаал, уучлал энэрлийг үзүүлж, Бурхан багшийн намтар, амьдрал, сургаалаас сэдэвлэсэн болохоор сүсэгтэй хүмүүст илүү хүрсэн биз. Тэгээд ч монголчуудын дийлэнх олонхи нь буддын шашинтай болохоор илүү ойр санагдана. “Бурхан багш” кино 55 ангитай. Нэг ангийг нь 1000 доллароор үнэлж, 55 мянган доллароор худалдаж авсан гэнэ.
Монголчуудад ковидын эсрэг вакцинаар тусалсан энэтхэгчүүд энэ кинон дээр мөн харж үзэж 60 гаруй хувь үнийг нь буулган өгчээ. Азийн баян орон, европын зарим орон 120 мянган доллароос дээш үнээр худалдаж авсан байна. Энэ киног худалдан авахад УИХ-ын дарга болон бусад буддист бизнесмэнүүд их хувь нэмрээ оруулжээ. МҮОНТ жил ч хүрэхгүй хугацаанд хоёр дахиа гаргаж байгаа болохоор үнэхээр монголчуудын оюун санаанд нийцсэн, эрэлттэй олон ангит кино болж чаджээ.
