Монгол Улс дотоод гадаадын бүх нислэгийг цуцлаад яг нэг жилийн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд тусгай үүргийн нислэг үйлдэж, гадаадаас иргэдээ авч байгаа ч халдвар хамгааллын дэглэм сахих үүднээс нислэгийн үед зорчигчдод өгдөг хоол хүнсний үйлчилгээг зогсоож, аяганы амсар зуулгах байтугай маскаа ч тайлахыг хориглосон. Нисэх багийнхан нисгэгч, онгоцны үйлчлэгч кабиндаа цай кофе уудаг байж магадгүй. Улсын онцгой комиссоос 2020 оны 12 дугаар сард гурван удаагийн тусгай үүргийн нислэг хийж, гадаад орноос 570 орчим иргэнээ авчрах шийдвэр гаргасан билээ.
Гэтэл төрийн өмчит МИАТ компани зорчигч болон нисэх багийнхны хоол хүнсний зардал нэрээр “Нүхт тур” компани руу хоёрхон сарын дотор гэхэд л 150 сая гаруй төгрөг шилжүүлжээ. Өнгөрөгч 2020 оны хамгийн сүүлийн өдөр буюу 12 дугаар 31-ний өдөр хүртэл тус компани руу 27 сая төгрөгийг зорчигчдын хоол хүнсний зардал гэж шилжүүлсэн байна. Мөн өдөр “Өлзий дэн фүүдс” гэх компанийн данс руу ч бас зорчигчдын хоолны зардал хэмээн 8.3 сая төгрөг шилжүүлсэн нь хачирхалтай. Иргэдийн нэрээр мөнгө "идээд" байна уу, онгоцны багийнхан хэт тансаг хэрэглээтэй байна уу?
