КОВИД-19 цар тахлын үед хичээл сургууль нь бүтэн жилийн хугацаанд бүрэн эсвэл хэсэгчлэн хаагдсан 168 сая хүүхдийн ирээдүй хохирч байгааг НҮБ-ын Хүүхдийн Сангаас сануулж, сургуулиудаа нээхийг дэлхийн улс орнуудад уриалж байна.
Энэ нь дэлхий дахинд 168 сая хүүхдийн суралцах эрх цар тахлын улмаас ямар нэг хэмжээгээр зөрчигдөж буйг илэрхийлж байгаа юм.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес сургуулийн үйл ажиллагаа зогссоныг "нэгэн үеийнхэнд тохиосон гамшиг" хэмээн тодорхойлж, хүүхдүүд дахин нэг жилийн хугацааг сургуульгүйгээр тэсэх боломжгүй учир боловсролын байгууллагуудыг халдвар хамгааллын дэглэмээ баримтлан нээх хэрэгтэйг уриалсан.
Сургууль, цэцэрлэг бол хүүхэд боловсрол эзэмшихээс гадна нийгмийн харилцаанд оролцох хамгийн чухал талбар. Гэвч КОВИД-19 цар тахлын улмаас хамгийн их хохирч буй бүлэг нь хүүхдүүд гэхэд болно. Тэдний суралцах эрх хүчтэй хөндөгдөж байгаагаас гадна тоглоомын талбайд ч тоглох боломжоо алдсанаар үндсэндээ "гэрийн хорио"-нд цагийг өнгөрүүлж байна. Энэ нь хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлж буйг Их Британийн Сэтгэл судлалын нийгмээс анхааруулсан бөгөөд сурагчдын суралцахуйгаас илүүтэй сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарах шаардлагатай байгааг эрх баригчдадаа сануулжээ. Тус улсын Засгийн газрын тэргүүн нь үүнд анхаарахаа илэрхийлж, тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулахаар мэдэгджээ.
ВВС агентлагийн мэдээлснээр Их Британичууд сургуулийн үйл ажиллагааг сэргээхдээ сурагчдын сэтгэл зүй, өмнөх мэдлэгээ сэргээн санах, хичээлээ дахин суралцахад туслах үүрэгтэй ажилтнуудыг ажиллуулахад найман сая паунд зарцуулах юм байна.
Тус улс хүн амаа дархлаажуулж буй явцаараа дэлхийд гуравдугаарт бичигдэж байгаа ба үр дүн 18-64 насныханд хамгийн өндөр байгааг бид өмнө нь мэдээлсэн. Иймд зургаадугаар сарын 21-нийг хүртэл хугацаанд салбар чиглэлээс нь хамааран байгууллагуудыг ямар шат дараалалтайгаар нээх тухай төлөвлөгөөгөө иргэддээ танилцуулсан. Төлөвлөгөөнд тусгагдсанаар гуравдугаар сарын 8-нд сургуулиудаа нээхээр болоод буй.
Түүнчлэн цар тахлын улмаас тасалдаад буй сургалтыг үр дүнтэйгээр сэргээх ажлын комиссараар Сир Кеван Коллинсийг томилсон юм. Сир Кеван сургуулийн үйл ажиллагааг сэргээхдээ хичээлийг илүү цагаар үргэлжлүүлж, спорт, урлаг зэрэг сурагчдад шаардлагатай хичээлүүдийг оруулахаар төлөвлөжээ.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.