Цар тахлаас үүдэн аж ахуйн нэгжүүд дампуурах, ажилтнуудаа олноор цомхтгох нөхцөл байдал үүсээд байна. Өнгөрсөн сард хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 5.8 мянган хүн шинээр бүртгүүлсний 3.2 мянга нь ажлаас чөлөөлөгдсөн, халагдсан иргэн байна.
Тэгвэл яг энэ эдийн засгийн хүнд цаг үед М Си Эс группийн Дэд ерөнхийлөгч, Шарк Д.Энхтүвшин цомхтгол хийхгүй, цалин хасахгүй бодлого барин ажиллаж байгаагаа цахим хуудаснаа хуваалцсан байна. Тэрбээр “Өнөөдөр зарим хүмүүсийн хувьд цалин авах өдөр, зарим хүмүүсийн хувьд цалин олгох өдөр. Энэ цаг үед бүх компаниудын санхүү хүнд байгаа. Манай компаниуд орон тооны цомхтгол хийхгүй, ажилчдынхаа цалинг нь бууруулахгүйгээр ажиллаж байна. Нийт 10’000 гаруй ажилчиддаа доод тал нь сард 13 тэрбум төгрөгийн цалин тавьж байна” гэжээ.

