Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор архи, согтууруулах ундааны худалдааг хориглоод байгаа. Гэвч архи, согтууруулах ундааг хууль бусаар шаглан борлуулах мөн хэрэглэснээс үүдэн хүний амь нас, эрүүл мэндийг хохироох хэргүүд гарч байна.
Тодруулбал, өчигдөр /2020.12.07/ БЗД-ийн 17-р хороонд оршин суух айлын гэрт хүмүүс нийлж архи согтууруулах ундаа ууж хэрэглэх үедээ нэгнийхээ аминд хүрсэн хэрэг гарлаа. 26 настай Б гэгч 50 настай Б-г хутгалж, амь насыг нь хөнөөсөн байж болзошгүй хэргийг харьяа цагдаагийн газарт Эрүүгийн хэрэг нээн шалгаж эхэлжээ.
Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэмт хэргийн тоон мэдээллээс үзвэл, өнгөрсөн 24 цагийн дотор гэр бүлийн хүчирхийллийн 67, согтуугаар машин жолоодсон 12 хэрэг бүртгэгдсэн бол эрүүлжүүлэгдсэн хүний тоо 102 байна.
Хөл хорио тогтоосон, дотоодод халдвар гарсан энэ үед иргэн та гэртээ байж, архи согтууруулах ундааг хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.
