
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг, Зайсангийн эцсийн уулзвар орчимд өчигдөр 9603 УН... улсын дугаартай “Ландкруйзер-200” маркийн автомашины жолооч Э.Ц нь цагдаагийн ажилтны тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүйн улмаас хамт үүрэг гүйцэтгэж байсан хууль сахиулагчид түүнд албадлагын арга хэмжээ авсан талаарх бичлэг цахимд тавигдсан. Цагдаагийн байгууллагаас тухайн үед хариуцлага хүлээлгэнэ хэмээн мэдээлж байсан ч албаны шалгалт явуулахаар болжээ. Энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Олон нийтэд бичлэг нь цацагдсан энэ хэрэг дээр албаны шалгалт явуулах үүрэг өгсөн. Хууль ёсны шаардлага байсан уу үгүй юу гэдгийг тодруул гэж ЦЕГ-ын дарга Болдод үүрэг болгосон. Цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд хариуцлага тооцохыг манай улс хуульчилсан. Дэлхийн аль ч улс оронд цагдаагийн алба хаагчийнхаа биед халдахыг хориглодог. Гэтэл сүүлийн үед цагдаагийн алба хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлдэггүй, биед нь халдаж түлхдэг, цохидог явдал түгээмэл болж байна” гэлээ.