-Увс аймгаас сонгогдож, УИХ-д сонгогдчихлоо. Та идэвхтэй улс төр хийдэггүй, том дуугардаггүй болохоор хэлгүй гишүүдийн тоонд орчих шахаад байдаг. Залуу хүн байж яагаад ингэдэг юм бэ?
-Би нэг чанга дуутай хүн биш. Энэ хугацаанд хэр ажилласнаа дүнгээ сонгогчдоороо тавиулна даа. Гайгүй биз дээ, ер нь аймгийнхаа өнгө төрхийг нэлээн гайгүй болгож засаад байгаа.
-Та далаад оны залуусын төлөөлөл. Энэ үеийн төлөөлөл болсон Тэмүүжин, Гантөмөр, Энхбаяр ахмадуудтайгаа их үздэг. Та үеийнхнээсээ арай сул байх шиг санагддаг.
-Хүн хүний зан чанар, стиль имиж нь ондоо л доо. Улс төрд ажиллах арга нь ч өөр. Би бизнесийн салбарт олон жил ажилласан, 2005 он хүртэл бизнес хийсэн. 1991 онд ОХУ-д хоёрдугаар курсын оюутан байхдаа бизнесээ эхэлж хамтарсан компани байгуулаад захирлаар нь ажилласан. 2005 онд Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд даргаар томилогдож, анх төрийн албанд орсон. Миний хамгийн идэвхтэй үе, залуу нас, хүн болж төлөвших нас маань бизнесийнхэн дунд өнгөрчихсөн учраас бизнесийн сэтгэхүйтэй болчихсон. Бизнесмэнүүд ихэвчлэн хүний үгийг сонсдог, чагнадаг. Бага яриад, ихийг хийхийг боддог. Магадгүй энэ суурь хүмүүжилтэй холбоотой болохоор би дуугараад байдаггүй. Хоёрдугаарт мэргэжил нөлөөлдөг байх, би улс төрийн мэргэжилтэй биш инженер хүн. Инженер бол точный шинжлэх ухаан ш дээ. Хоёр дээр хоёрын нэмэхээр дөрөв л байдаг. Харин харамсалтай нь зарим улстөрчид хоёр дээр хоёрыг нэмээд гурав ч юм уу, тав гаргачихаад дөрөв гээд зүтгээд байдаг. Магадгүй ярих ёстой байх, дуугүй суух нь улстөрч хүний хувьд дутагдал байж магадгүй. Гэхдээ их яръя гэж бодохгүй байна, би үр дүнг л чухалчилдаг л даа.
-Н.Энхбаяр дарга МАХН гээд салаад явчихлаа. Та тус намын даргыг Ерөнхийлөгчөөр ажиллаж байхад нь Тамгын газрын дэд даргаар нь ажиллаж байсан болохоор их ойр харьцаатай гэж ойлгож болох уу?
-Тэгж ойлгож болно. Би Энхбаяр даргатай нэг баг болж хамтарч ажиллаж байсан, удирдлагад нь явж байсан.
-Та экс ерөнхийлөгчтэй одоо уулздаг уу? Хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ?
-Уулзанаа. Хамгийн сүүлд цагаан сараар очиж золгосон. Мэдээж хүндэлж харьцана. Хувь хүний харилцаа тусдаа, улс төрийн үзэл бодол тусдаа. Би Энхбаяр даргыг хүндэлж явдаг.
-Улс төрөөс залхах миний хийх ажил биш юмаа гэж бодох үе байдаг уу?
-Үгүй дээ. Улс төр хүнд боломж нээдэг юм байна. Гэрээ засаад, төрөө зас гэдэг дээ. Би биеэ засчихсан, гэрээ ч хүний гар хараад байхааргүй боломжийн аваад явчихдаг. Би азтай төрсөн нутгаасаа сонгогдсон. Нутгийнхныхаа төлөө, монголчуудынхаа төлөө ажиллая, сэтгэл зүрхээ гаргаж ажиллана гэж зорьж байгаа. Би 2004 онд Энэтхэгт анх удаа очиж үзсэн. Баян хоосны ялгаа дэндүү их, цуг явсан хүмүүс бид хэд ярьж байсан. Ер нь Улаанбаатартаа амьдрах уу, Делид тэрбум доллар өгье, энд амьдар гэвэл ирэх үү гэж асууж байсан. Би Улаанбаатартаа амьдарна гэж байсан. Ер нь хүний хувийн хэрэгцээ бага ш дээ. Тийм болохоор түмний төлөө зүтгээд үзвэл яасан юм гэж бодогддог. Ганцаараа сайхан амьдрах сайхан зүйл биш ш дээ. Ер нь өөрийгөө болгочихсон, миний хэмжээний бизнес хийсэн хүмүүс дийлэнх нь надтай адил бодолтой болчихсон юм билээ. Яриад сууж байхад мэдэгддэг. Бид хэдэн төгрөг олох яах вэ, тэртэй тэргүй өөрийнхөө амьдралыг болгочихно. Бүгдээрээ, нийтээрээ аятайхан амьдаръя гэсэн бодолтой хүмүүс олон болж байгаа нь надад ажиглагдаж байгаа. Улс төрд явахад ингэж амьдрах илүү боломж нээгдэнэ, нийтийн төлөө зүтгэх ёстой болно.
-50, 60-аад оныхон шилжилтийн үед байсан болохоор илүү боломж нээгдэж, одоо шийдвэр гаргах түвшинд нөлөөтэй байдаг. Харин 70-аад оныхон хэн нэгний цүнхийг барьж яваад улс төрд ордог, албан тушаал авдаг гэдэг. Таны хувьд хэнтэй ойр явсан бэ?
-Би улс төрд орсон нь санамсаргүй үйл явдал болсон. Би 1997 онд тухайн үеийн нэрээр МАХН-д элссэн. Түүнээс хойш янз бүрийн сонгуульд намынхаа төлөө явж байсан л даа. Үүнийгээ үүрэг л гэж боддог байсан, дарга цэрэг болно гэж бодож байгаагүй. Намын бодлого байсан юм болов уу, 2005 оны 8 дугаар сард ЕТГ-ын дарга Билэгт дуудаад, “ЕТГ-ын дэд дарга болооч” гэсэн санал тавьсан. 2008 онд намын удирдлагууд дуудаад “Увс аймгаас нэр дэвшихээр боллоо” гэсэн. Тухайн үедээ би айж байсан, 20 жилийн дараа нутагтаа очих гэж байна, яаж хүлээж авдаг бол гэж санаа зовж байсан. Гэхдээ манай нутгийнхан сайхан хүлээж авсан, дэмжсэн. Миний сайных ч биш, миний ээж аав, өвөг дээдэс маань нутагтаа сайхан нэр хүндтэй байсан болгохоор сонгосон байх. Надтай хамт нэр дэвшсэн Нямдорж сайд, Хүрэлбаатар сайд хоёр мундаг улстөрчид. Ийм хүмүүстэй нэг баг болж орсноо хувь заяаны бэлэг хүлээж авсан гэж боддог. Тийм хүмүүстэй хамт явахад түшигтэй байдаг юм.
-Танай нутгийнхныг “UBS” бүлэглэл гэдэг. Тэндээ хэр нөлөөтэй байдаг юм?
-“UBS” бүлэглэл гэдгийг үнэндээ мэдэхгүй. Би Увс аймгийн нутгийн зөвлөлийн дарга хүн. Надад тийм юм мэдэгддэггүй. Тийм бүлэглэл байдаг үгүйг мэдэхгүй болохоор нөлөөтэй үгүйгээ хэлж чадахгүй. Хүмүүс л манай нутгийнхныг тэгж харддаг юм шиг билээ.
-Наадам болох нь. Та хэнийг түрүүлнэ гэж бодож байна.
-Бяртай аавын хүү л түрүүлнэ дээ. Хэн ч түрүүлсэн яахав дээ, сайхан наадам болоосой гэж хүлээж байна. Урьд нь манай Ганбаа, уржнан Мөнхбат, ноднин Бүрэнтөгс түрүүлсэн. Энэ жил ч гэсэн түрүүлээсэй гэж бодож, найдаж л байгаа ш дээ. Нутгийн бөх түрүүлчихээсэй, аятайхан барилдчихаасай гэж бодолгүй яахав.
-Увс бөх сайтай, хурдан морины тухайд жаахан тааруухан байх шиг харагддаг?
-Би Увс аймгийн Тэс сумын уугуул хүн. Монголчууд Тэсийн голын унага, Тэрхийн голын хүүхэн гэж ярьдаг даа. Манай аймаг Улаанбаатараас 1400-1500 км алслагдсан байдаг учраас наашаа ирж уралдахад жаахан зовлонтой байдаг. Гэхдээ хурд зүүн талдаа Сүхбаатар аймагт илүү байгааг харж байгаа. Сүүлийн жилд манай аймгийн хоёр ч морь улсад түрүүлсэн. Цэрэнжээ ахын шар хээр, Цэнд-Аюушийн хээр улсад түрүүлсэн. Тэгэхээр хурд, морь муутай ч бишээ. 1500 километрийн алсаас морио авчирч уралдах хэцүү. Харин сүүлийн үед харилцаа холбоо, техник хөгжөөд гайгүй болж байгаа. Шулуухан хэлэхэд 2000 оноос өмнө наашаа ирэх бололцоо бараг байхгүй байсан. -Та өөрөө хурдан морьтой болъё гэж боддоггүй юм уу? -Би багадаа хоёр талынхаа өвөө эмээ дээр очиж, морь унадаг байсан. Моринд дуртай. Гэхдээ одоо хурдан морь үнэтэй тоглоом болчихоод байна ш дээ. Би орчин үеийн сэтгэлгээтэй, хямдхан хөнгөхөн амьдралыг сонгодог. Хүний морийг хараад баясъя л даа. Заавал эзэн нь болох гээд яах юм. Юмны эзэн болно гэдэг нэг талаас сайхан боловч нөгөө талаар дандаа хариуцлага дагаж ирдэг. Бизнес хийсэн ч дагнасан мэргэжилтнүүдтэй ажиллах нь амар байдаг, би ингэж л хөнгөхөн амьдралыг сонгодог. Найз нөхдийнхөө уяан дээр очоод хүний морь хараад баясаад явдаг. Ялгаагүй л хурдан морь юм чинь адилхан ш дээ. Хэнийх бай хамаагүй түрүүлсэн морь хараад баярладаг.
-Морины үнэ өсч нэг морины үнэ 85 мянган доллар, хүрчихсэн байгаа, бүр 850 саяар морь авсан гэж дуулдсан?
-Би буруу зөв гэж хэлэхгүй. Нэг талаас морь үнэд орж байх нь сайн. Юу нь муу байгаа юм, нэг малчин илүү орлого олно биз дээ.
-Тэр чинь малчдын хооронд биш баячуудын хооронд явж байгаа морины наймаа юм биш үү?
-Тэд хулгай хийгээгүй, өөрийнхөө орлогоор хурдан морь авч байна. Баян хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү ямар хамаатай юм. Тэр хүмүүсийг би буруутгаж чадахгүй. Гадаадад хэдэн сая долларын үнэтэй морьд байж л байгаа ш дээ. Бидний нэгэнт сонгоод авчихсан нийгэмд шударгаар хөдөлмөрлөөд олж чадаж байвал, атаархах ч юм уу, ад үзээд байх хэрэггүй. Нэг монгол хүн аятайхан амьдраад, хувийнхаа хэрэгцээг хангаад, хоббиндоо мөнгө зараад морь худалдаж авах нь юу нь буруу байгаа юм. Тэр морины эзэн нь малчин л хүн байгаа. Би мах үнэд орохоор баярладаг юм. Миний сонгогчдын орлого нь нэмэгдэж байна гэж. Ингэж хэлэхээр хотынхон нь уурлах байх даа. Сүхбаатар аймаг явж нэг морь авахад 3-4 сая төгрөг байдаг гэнэ. Нэг малчин л 3-4 сая төгрөгтэй болж байгаа биз. Юу нь буруу байгаа юм.
-Түрүүлсэн морийг түүж худалдаж аваад өөрийнхөө нэр дээр уралдуулах боломж байгаа биз дээ?
-Тийм санхүүгийн боломж байгаа. Хүн хүний хобби өөр юм даа. Би гэртээ ном уншаад, тааз ширтээд хэвтэж байх дуртай.
-Ер нь тэнэг хүн мөнгөтэй байдаггүй гэдэг. Та УИХ дотроо нэлээн “юм”-тай гишүүдийн нэгд тооцогдоно доо. -Дундаж л байх. -Хөрөнгө орлогын мэдүүлгээрээ машины тооноосоо эхлээд бусдаасаа илт илүү байсан?
-Хувьдаа ганцхан машинтай. Миний хувьцаа эзэмшдэг компаниудад машин бий л дээ. Тэндээсээ машин аваад уначихдаг. Би “Хурд авто” компанийн 100 хувь хувьцаа эзэмшигч.
-Та бүх компаниа дандаа 100 хувь ганцаараа эзэмших юм билээ. Ийм хүнийг зожиг гэдэг дээ?
-Би санхүүгийн асуудалд их болгоомжтой ханддаг. Дараа нь мөнгө хуваах болохоор маргаан гардаг ш дээ. Бидний үед мөнгөний тухай ойлголт сайн байгаагүй. Ерээд онд л зах зээлд шилжсэн. Хэдэн залуус хамтарч бизнес хийгээд сүүлд дандаа салцгаагаад байсан. Би хүнтэй муудалцах дургүй, тэр тусмаа мөнгөнөөс болж. Тэр бол хүсэх зүйл биш, хамгийн муухай асуудал. Зожиг гэх нь юу юм. Манай компанид 2000 орчим хүн ажилладаг. 2000 хүнтэй хамт ажиллаж чадаж байгаа хүнийг зожиг гэх нь хаашаа юм. Жаргал зовлонгоо хуваалцаад, нэг тогооноос хооллоод явж байна ш дээ.
-Мөнгийг юу гэж үздэг вэ?
-Мөнгөний хойноос амиа өгөх шахаад явах нь хаашаа юм. Гэхдээ мөнгө муу муухай хэрэггүй зүйл гэж үгүйсгэх нь хаашаа юм. Бизнес хийх, өөрийнхөө зорилгыг биелүүлэхэд мөнгө хэрэгтэй. Бүх юмыг зоосны нүдээр хараад явах бас утгагүй. -Та оросуудтай их хамтардаг уу? -Янз бүр дээ. ОХУ-д хоёр компани байсан. Оросуудтай ойр ажиллаж байсан. Хятад, Солонгос, Япончуудтай ч ажиллаж байсан. Одоо дэлхий даяаршиж байна. Хэн ашигтай санал тавина, тэр хүнтэй хамтарна.
-Таны бизнесийн эхлэл юу байсан юм бол?
-Бид бүгдээрээ л ганзагын наймаанаас эхэлсэн улсууд. Би ч тэр үеийг тойроогүй, дайраад л гарсан. Анх 11 оёдолчинтой, тарваганы арьсаар малгай хийж зардаг, аж ахуйн нэгж байгуулсан. Тэр үед би оюутан байсан болохоор ээжийн нэр дээр ХЭАА байгуулаад, манай ээж “Намуухан” гэсэн их даруухан нэр өгсөн. Би тэгэхэд “Намуухан” компаниа “Хурд” нэртэй болгоод, хурдтай ажиллана даа гэж боддог байсан. Тэр үед залуухан ч байж.
-Танайх Оросын машин, ИЖ планета 5 мотоцикль оруулж ирдэг байсан. Одоо борлуулалт нь буурсан уу?
-“УАЗ” машины үйлдвэрийн Монгол дахь дилерийг олон жил хийж байгаа. Борлуулалт нь гайгүй ээ, боломжийн. Тодорхой хэмжээний маркетинг менежментийн бодлого явуулна л даа. Өсгөдөггүй юмаа гэхэд байгаа объемоо хадгалахын тулд ажиллана. Би болохгүй зүйл байхгүй гэж боддог.
-Та төрийн хүн гээд хувийнхаа бизнесээс бүр холдчихдоггүй байлгүй. Өнгөрсөн жил хэдий хэмжээний татвар төлсөн байна?
-Миний хувьцаа эзэмшдэг компаниуд нийлээд төсөвт 10 гаруй тэрбум төгрөгийг төлсөн байна лээ. Би нуулгүй хэлэхэд компани дээрээ очдог. Хагас бүтэн сайн өдөр очдог, үдийн цайны цагаар хааяа очно. Мэдээж өдөр тутмын ажилд нь оролцож чадахгүй л дээ. Босгосон ажлаа эргэж харалгүй яахав. Миний хамгийн дуртай хоол барилгачдын үдийн хоол. Ямар нэгэн ресторанд хооллох дуртай биш, манай барилгачдын үдийн хоол л хамгийн амттай санагддаг. Тэдэн дундаа орж суугаад хоол идэх дуртай. Хүнийг оюуны хөдөлмөр эрхлэх, эсвэл ажлын мал гэж хуваадаг даа. Би тэр ажлын мал талдаа хүн байхгүй юу. Хааяа компанийнхаа ажилчдынхаа дунд орж, тойрч суугаад тоглодог. Тэр үед стресс тайлагддаг юм. Хөзөр тоглоно, шатар тоглоно, заримдаа манайхан тоглоё, хүрээд ирээч гэж дуудна. Манай аав ээж хоёр манай компанид цуг ажилладаг.
-Одоо бизнесмэнүүд “хэдэн жил тоосго өрөх юм бэ, бирж дээр гаръя, арай өөр түвшинд очъё” гэж их ярих болсон байна лээ.
-Би сүүлийн 20 жил бизнесмэнүүдтэй хамт ажиллаж нүдээрээ хараад явж байгаа, амьд гэрч нь. Чадавхи нь өсөөд томроод явж байгаа. Дараагийн шат нь даяаршиж байгаа дэлхийд олон улсын хөрөнгийн бирж дээр бүртгэгдэх. Энэ зорилго бүх компаниудын өмнө тавигдсан, зарим нь гараад эхэлчихлээ. Энэ бол гайхаад байх зүйл биш. Нэг хэсэг хүмүүс дан цаасны бизнес хийж байна, нэг нь улаан гараараа, дөрвөн мөчөөрөө юмыг мэдэрч, мөнгө олдог хүмүүс байдаг. Янз янз л байхгүй юу. Надад бол яг гараараа ажил хийж байгаа хүний хажууд ороод хараад байх сайхан санагддаг. Би өөрөө гараараа хөдөлмөрлөж бүтээсэн, хөлс хүч шингэсэн мөнгө л сайхан санагддаг.
-Мөнгө үнэргүй гэх юм билээ?
-Би авъяас муутай бизнесмэн байх. Яг гараараа барьж, хазаж, мэдэрч хийх дуртай. Зуучлаад дундаас нь хэдэн төгрөг унагах надад сайхан санагддаггүй. Ажил хийхгүй, сэргэлэнтэж байгаад мөнгө олох дуртай биш. Би дээр хэлсэндээ, ажлын мал гэж, одоо дөчин нас хүрлээ өөрчлөгдөж чадахгүй юм шиг байна лээ. -Увс аймгийн Засаг дарга асан Цасчихэр та хоёрыг 10 жилийн нэг анги гэх юм билээ. Одоо холбоотой байдаг уу?
-10 жилийн ангийнхантайгаа жилд 2-3 удаа цуглаж уулздаг. Манай анги сайн хүүхдүүдтэй анги байсан. Бид 36-уулаа төгссөн, 35 нь дээд сургууль төгссөн. Тухайн үед зөвхөн манай ангиас 22 хүүхэд хойшоо дээд сургуульд явж байсан. Цасчихэр бид хоёр нэг анги.
-Одоо наадмын гоёл гэж чухал юм байна. Та бэлдсэн биз дээ?
-Хувцас гоёл чимэг талдаа тааруухан хүн дээ. Загвар хөөгөөд явж чаддаггүй юм. Манай эхнэр нэг юм бодож байгаа байлгүй.
-Бас хөөрөг энэ тэр зэхнэ байх? -Сүүлийн үед хөөрөг хэрэглэж сурсан. Хүмүүстэй хөөрөг зөрүүлэх шаардлага гардаг болохоор байнга хөөрөгтэй явдаг болчихоод байгаа. Аятайхан хөөрөг барихыг бодно. Гэхдээ чамирхаад, гайхуулаад байх дургүй.
-УИХ-д оны ялгаа байдаг, анх удаа сонгогдсон хүн жаахан даруу байдаг гэлцдэг. Нямдорж сайд, Тэмүүжин хоёр гөлөг энэ тэр гээд хэрэлдсэн нь үүний илрэл гэх юм билээ. Танд мэдэгдэх юм уу?
-Хүмүүсийн өмнөөс би юу хэлэх вэ. Миний хувьд УИХ-д хоёр удаасонгогдлоо. Тэнд 4 жил болоход нэг битгий хэл дээд сургууль төгссөнөөс илүү амьдралын ухаан, туршлага хуримтлуулдаг гэдэг. Мэдээж олон жил сонгогдсон хүмүүс илүү туршлагатай, суралцах юм их бий. Ахмад гишүүдээ хүндэлнэ. Цэрэгт оны ялгаа бий, бөхчүүд ч цолоороо эрэмбэлэгддэг. Хөдөө айлд ороход ч аль ахмад настай нь дээр суудаг. Тэр чинь монгол ёс жудаг. Бидэнд ч нас ахихаар тэр хүндлэл ирнэ. Өөрөө ахмадаа, дээд үеэ хүндэлж байж, дараа нь залуу доод, үеэрээ хүндлүүлнэ. Улс төрд ч тийм үе ирнэ. Би ахмадаа хүндэлж явдаг. Ахмадуудынхаа өмнөөс өрвөлзөөд байдаггүй, тэгэх шаардлага ч байхгүй. Манай Дэмбээ дарга байна, Лүндээ дарга, Нямдорж сайд, Ч.Улаан гишүүн байна. Монголын парламентын амьд түүх сууж байна. Тэд мань мэтийн хажууд юу эсийг үзэв. Сайхан улстөрчид, бусдыг нь нэрлэлгүй орхисон бол уучлаарай. Хүндлэхээс ч аргагүй улс. Тэд яах аргагүй хэрэгтэй үг хэлдэг. Хааяа тэр ах нараасаа яах ёстойгоо ичиж нэрэлхэлгүй асуудаг, тэр ах нар маань ч харамгүй зааж хэлж өгдөг юмаа. Ярилцсанд баярлалаа.
ЭХ СУРВАЛЖ: "СЭРҮҮЛЭГ" СОНИН 2010 ОН
