Төрөөс төрсөн тэрбумтнууд гэдэг. Төсвийн хулгай гаарсныг энэ үг илчлээд өгнө. Одоо төсвийн мөнгө идэх арга бүр “төгсөрч”, уулс усны нэр барьж мөнгө идэх боллоо. Өгийн нуурыг хамгаалах нэрээр таван тэрбум төгрөг “идсэн” хүн бий ч гэдэг. Өгий нуурыг хамгаалахын тулд 2019 оны төсвөөс хоёр, энэн жил дахин хоёр тэрбум төгрөг зарцуулах гэнэ. Энэ мөнгийг хэн хэрхэн зарцуулж, яаж ямар ажил хийсэн нь одоо ч тодорхойгүй. Ямар ч л байсан нэг уянгалаг УИХ-ын гишүүн “цохиод, зохицуулаад” байгаа сурагтай.
“Өгий нуур”-ыг хамгаалах хоёр тэрбумаар хийгдэх ажлын жагсаалт цахим сайтад байршуулсан гэсний дагуу орж үзвэл “Өгий нуурыг хашиж хамгаалах, тохижуулах хогийн цэг байгуулахад 50 сая, Өгий нуур суманд нийтийн биеийн тамирын талбай байгуулахад 15 сая, мөн сумын Зэгстэй багт явган хүний зам тавьж, тохижуулахад 17 сая, Ахмадын өргөө барихад 70 сая төгрөгийн тендер тус тус зарлагдсан байв. Ингээд л болоо. Өгий нуур өдрөөс өдөрт бохирдож байна, үг хэлж чадахгүй болохоор өөрт нь 4 тэрбум төгрөг “өгсөн” гэдгийг мэдээгүй л яваа болов уу.
“Өгий нуур”-ын тохижилт, хамгаалалтад зориулсан төсвийг ингээд хэн нэгэн дундаас шамшигдуулсан байхвий гэсэн хардлага гардаг. Дөрвөн тэрбум гэдэг их мөнгө. 2019 онд суусан хоёр тэрбум ч бас бага биш. Зориулалтаар нь зарцуулбал нуур хамгаалах, арчлах асуудал ядаж л боловсон “жорлон”, хогийн цэг хийхэд хангалттай хүрэх төсөв. Гэтэл бахь байдгаараа, энэ жил коронавирусаас шалтгаалан дотоодын жуулчдын хөлд татарч жаахан хог бохидлоос салж байна. Түүнээс Өгий нуурт зориулан баталсан төсвийн 4 тэрбум төгрөгийг хэн “идээд” байгааг хүмүүс, нутгийн уул ус лус савдаг харж байгаа шүү...
