alim.mn | 2026.01.15
Монгол эхнэртэй юанийн ченж хятад эр нутаг нэгтнүүдээсээ 1,2 ТЭРБУМ төгрөг залилж цахим мөрийтэй тоглоомд алджээ

Монголд  ирээд монгол эхнэр аваад, бильярдын төв нээж хажуугаар нь юаны ченж хийгээд “ихээхэн” амжилттай явсан “аугаа их” Думдад улсын иргэн Бао Чанхай/Bao Changhai/ цахим мөрийтэй тоглоомд донтоод нэгмөсөн баларчээ. Тэрээр юань болон төгрөг солиулах гэсэн 26  хүнэээс 1,3 тэрбум төгрөг залилан авч цахим мөрийтэй тоглоомд алджээ. Тэрээр ердөө тавхан сарын дотор буюу 2024 оны хавраас намар хүртэлхи хугацаанд энэхүү залиланг хийсэн байна. Хохирогч нар нь голдуу хятадууд агаад ихэнхи нь бас монгол эхнэртэй гэнэ. Цахим мөрийтэй тоглоомд донтогч хятад эр 2022 оноос юань болон төгрөг сольж эхэлжээ. Мэдээж ихэнхи “үйлчлүүлэгчид” нутаг нэгтнүүд нь байсан. Тэд эхэлж цагдаад гомдол гаргажээ.

... Манай нөхөр Өвөр Монгол Улсын иргэн юм. 2024 оны 05-р сарын 16-ны өдөр юанийн хэрэг гараад Бао Чанхай гэж таньдаг хүнээс асуухад “юань байгаа, надад ч гэсэн монгол төгрөг хэрэгтэй байна” гэхээр нь тэр хүний Хаан банкны дансанд тэр өдрөө гурван удаагийн гүйлгээгээр нийт 32,900,000 төгрөг шилжүүлсэн ...
... 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр би Бао Чанхай-гийн wechat руу залгаж “юань сольж байгаа юу, ханш хэдтэй байна бэ” гэж асуухад “сольж байгаа, 1 юань 475 төгрөгийн ханштай байна” гэхээр нь “200,000 юань солиулах гэсэн юм” гэхэд данс өгсөн. 05-р сарын 11-ний өдөр Бао Чанхайгийн данс руу 100,000 юань, маргааш нь 100,000 юанийг шилжүүлээд “нийт 95,000,000 төгрөг болж байна, миний Хаан банкны данс руу хийгээрэй” гэсэн. Гэтэл монгол мөнгө орж ирэхгүй удаад байхаар нь залгахад “дансанд байгаа төгрөг хүрэхгүй байна, төгрөг ороод ирэхээр шилжүүлнэ, хэд хоног хүлээж бай” гэхээр нь итгээд хүлээсэн ...
... 2024 оны 06-р сарын 17-ны өдөр Хятад руу гэр рүүгээ 117,000,000 төгрөг шилжүүлэх шаардлага гарахаар нь Бао Чанхайтай холбогдоход “болно, над руу мөнгө хийчих” гээд Хаан банкны данс явуулахаар нь шилжүүлсэн ...

Хятад эрийг цахим мөрийтэй тоглоомд донтсоныг ажилчид нь мэддэг байжээ.

 ... Манай захирлын нөхөр Бао Чанхай надад хандаж “1х нэртэй тоглоом тоглох гэсэн чинь эрх авах хэрэгтэй байна, би чиний данс руу мөнгө шилжүүлнэ, мөнгийг тоглоомын эрх сунгах данс руу шилжүүлээд өгөөч” гэхээр нь зөвшөөрч дансаа өгсөн ...

Харин монгол эхнэр нь хэзээ хойно нь мэджээ.

... Нөхрөө бусдын юанийг хувьдаа зарцуулсан талаар  нь мэдээд асуухад 2024 оны 3-р сарын 20-ны өдрөөс хойш гар утсаараа цахим мөрийтэй тоглоом тоглосон гэсэн ...

Залилуулсан хятад иргэд гомдол гаргаснаар энэ хэрэг илэрсэн агаад Бао Чинхай 90 хоног цагдан хорьсон. Хятад эр мөрдөн байцаалтын шатанд 239 сая төгрөгийг нутаг нэгтнүүддээ төлсөн. Гэсэн ч цаана нь тэрбум гаруй төгрөг үлджээ. Анхан шатны шүүхээс түүнд 3,5 жилийн хорих ял оноосоныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ. Үүнээс харахад нэг зоосыг хүртэл нандигнан үрдэггүй гэх хятадуудын тухай үлгэр тэр болгон үнэн биш ажээ.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ