alim.mn | 2026.01.14
“Үнэнч” мусульман Ш.Арстан, Х.Ханат хоёр казак иргэдийн шарилыг нүүлгэх ажлаас 30-250 сая төгрөг халаасалсан ХЭРГЭЭС ...

Хэрвээ энэ хэргийг монгол хүмүүс хийсэн бол төдийлэн гайхахгүйсэн. Гэтэл ёс заншил шажин шүтлэгдээ үнэнч, өвөг дээдэс тэдний булшинд машид хүндэтгэлтэй хандан тойруулаад бунхан хүртэл босгодог мусульман шажинт казак хүмүүс өөрсдөө хийж шажин нэгтнүүдийнхээ шарилыг зөөх ажлаас том мөнгө хийгээд баригджээ. Энэ хэрэгт Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн нэгжийн тээвэр импорт хариуцсан менежер Ш.Арстан, Баян-Өлгий аймгийн “Кенжедара трейд” компанийн захирал Х.Ханат нар холбогдож, төслийн 600 сая төгрөгөөс менежер 220 сая, харин захирал 30 саяыг “халаасалсан” байна. Хэрэг явдал Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын нутаг дахь УЦС-ын нуур үүсэх талбайд нь казак иргэдийн он удсан оршуулгын газар байснаас эхэлжээ. Ингээд уг булш бунханыг нүүлгэхээр болж эхлээд нээлттэй тендер зарласан ч оролцох компани гараагүй гэнэ. Буяны цөөнгүй компанитай холбогдоход “казак хүмүүсийн булштай орооцолдохгүй” гэжээ. Дээр нь Баян-Өлгий аймгийн ЗДТГ-аас заавал мусульман шашны зан үйл, ёс журмын дагуу нүүлгэх албан шаардлага ирсэн. Ингээд тендерээ болиод шууд гэрээ байгуулахаар болсон аж. 2024 оны 10-р сард Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн зохицуулагч Ч.Саранжавын тушаал гарч 600 саяын төсөв батлагдан ажлын хэсэг байгуулагдахад Ш.Арстан орсон. Тэрээр ажлын хэсгийн хурал дээр “казак хүмүүсийн шарилд зөвхөн казак хүн л мусульман шашныхаа зан үйлийн дагуу гар хүрэх ёстой” гээд “Кенжедара трейд” компанийг гаргаж иржээ. Компанийн захирал ийн мэдүүлжээ.

... Манай компани бичиг цаас дээр баримт төдий л явж байсан. 2024 оны үед “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц төсөл”-өөс Баяннуур суманд Казах иргэдийг булш бунхныг нүүлгэх ажил хийгдэх юм байна гээд харж байсан. 9-р сарын сүүлчээр Ш.Арстантай  Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд явж байгаад танилцсан. Тэгээд хийчихээр ажил байна уу гэж асуухад казах иргэдийн булш бунхан нүүлгэх 400 саяын ажил байгаа  гээд уг  ажлыг хийж чадах уу, үнийн санал өг гэсэн. Тэгэхээр нь би бичиг баримт бүрдүүлж өгсөн. Би 300 саяар хийгээд 100 сая төгрөгийн ашиг олно гэж бодсон. Тэгтэл Ш.Арстан надад уг ажлын нийт төсөв 600 сая болж өссөн, үүнд тулга гэхээр нь 596.131.250 төгрөг гэсэн үнийн санал өгсөн. Гэтэл Ш.Арстан 350 саяар  хийгээд, 250-ыг надад гаргаад өг гэсэн. Гэрээ байгуулаад ажилдаа ороход  хүйтрээд нэлээд зардал нэмж гарсан. Гэсэн ч 350 саяд хийж гүйцэтгээд, үлдэгдэл  250 саяас өөртөө 30.0 сая төгрөгийг ашигт тооцож авсан. Үлдсэн 220 саяыг  Ш.Арстанд бэлнээр өгсөн ...

Ш.Арстаны хүү нь ирж мөнгийг авсан гэнэ. Хэрэг нь илэрэхэд менежер авсан 220 сая төгрөгөө буцааж төлжээ.

... Хууль бусаар олсон 220 сая төгрөгөө буцааж улсын орлогод оруулсан, маш их гэмшиж байна, дахин хууль зөрчихгүй ...

Шүүх Ш.Арстанд нийтийн албанд ажиллах эрхийг найман жилээр хасаж, нэг жилээр хорих ял оноожээ. Харин “Кенжэдара трейд” компанийн захирал Х.Ханат энэ хэрэгт гэрчээр татагдаж менежерийн мөнгө авсаныг баталсан тул ял өгөөгүй байна. Үүнээс үзэхэд мөнгө хийсэн менежер захирал хоёрыг үнэнч мусульман шажинтан гэхэд хэцүү аж.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ