alim.mn | 2026.01.10
СЕСИЛ БРОЙ: ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВРИЙН СИСТЕМИЙН КАБЕЛЬ СҮВЛЭХ НЬ ӨНДӨР НАРИЙВЧЛАЛ, ТУСГАЙ ТЕХНОЛОГИ ШААРДСАН ОНЦЛОГ ПРОЦЕСС БАЙДАГ

Улаанбаатар хотын нийтийн тээвэрт шинэ төрөл болох Дүүжин замын тээвэр төслийг Яармаг, Арцат-Өнөр хороололд чиглэлд хэрэгжүүлж буй. Төслийн үндсэн технологийн чухал үе шат болох кабель сүвлэх буюу тросс татах ажил ирэх дөрөвдүгээр сараас эхлэх бөгөөд Пома группийн Улаанбаатар дахь төслийн менежер Сесил Бройтой уулзаж энэ талаар тодрууллаа.

– Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Дүүжин замын тээвэр төслийн явцаас яриагаа эхэлье?
Улаанбаатар хотод хэрэгжиж буй дүүжин замын тээврийн төслийн барилга угсралтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Төслийн хүрээнд Яармаг, Арцат буудлын хажууд 98 кабинд зориулсан гаражийн барилга, мөн дүүжин тээврийн буудлын ажлыг гүйцэтгэж байгаа бол Өнөр хорооллын буудлын дотор заслын болон цахилгааны ажлууд үргэлжилж байна. Баянгол, Хан-Уул дүүргийг холбосон дүүжин замын системийн хувьд нийт 19 тулгуур багана босгохоос өнөөдрийн байдлаар 18 тулгуур баганын угсралтыг бүрэн дуусгасан бөгөөд нэг тулгуур баганын ажил л үлдээд байна. Тус тулгуур баганын суурилуулалтын ажлыг зураг төслийн дагуу, техникийн шаардлагыг ханган гүйцэтгэж байна. Эдгээр ажлууд бүрэн дууссаны дараа дүүжин замын тээврийн үндсэн технологийн үе шат болох кабель сүвлэх буюу тросс татах ажлыг ирэх 4 дүгээр сараас эхлүүлнэ. Кабель сүвлэх ажил нь системийн аюулгүй, тогтвортой ажиллагааг хангах чухал үе шат бөгөөд олон улсын стандартын дагуу, нарийн инженерийн хяналт дор гүйцэтгэх юм.

– Төслийн бүхий л үе шат Пома группийн инженерүүдийн хяналт доор хийгдэж байна. Кабель сүвлэх ажиллагааг яагаад онцолж буйгаа тайлбарлаж болох уу?

Дүүжин замын тээврийн төслийн ган троссыг татах, суурилуулах ажил нь инженерийн өндөр нарийвчлалтай, олон улсын аюулгүй ажиллагааны стандартыг чанд мөрдсөн, үе шаттай хэрэгждэг нарийн процесс юм. Дүүжин замын тээврийн тулгуур багана, буудал буюу станцуудын барилга угсралтын ажил бүрэн дуусч, дамрын системийг зураг төслийн дагуу суурилуулсны дараа тросс татах ажлыг хийнэ. Троссын чиглэл, урт, таталтын хүч, геометрийн тооцоог нарийвчлан баталж, ажлын талбайд аюулгүй ажиллагааны бүс, хяналтын цэгүүдийг тогтоодог. Үндсэн ган троссыг татахаас өмнө юуны түрүүнд нарийн троссыг чиглэл дагуу татаж суурилуулдаг. Уг нарийн троссыг дрон, тусгай татлагын төхөөрөмж, зарим тохиолдолд нисдэг тэрэг ашиглан тулгуур багана, станцуудын дамрын дээгүүр дамжуулан татаж, улмаар үндсэн троссыг гадуур нь бүрж сүлжих оруулах суурь зам болгон ашигладаг. Үүний дараа туслах троссоор дамжуулан дунд шатны илүү зузаан троссыг татаж, эцэст нь хэдэн арван тонн жинтэй, өндөр даацын үндсэн ган тросс бэлэн болно.

Ган троссыг татах явцад тулгуур бүр дээрх дамрын төвд зөв байрлаж байгаа эсэх, мушгиралт үүсэж байгаа эсэхийг байнга хянаж, инженерийн хэмжилт сканнэр хийдэг. Тросс дамрын дээр жигд суусны дараа гидравлик татагч төхөөрөмж ашиглан таталтын хүчийг нарийн тохируулж, температурын нөлөө болон металлын суналтын коэффициентийг тооцон, зураг төслийн шаардлагад нийцүүлэн эцэслэн бэхэлдэг. Таталт хэт сул, эсвэл хэт чанга байх нь системийн тогтвортой ажиллагаанд сөргөөр нөлөөлөх тул энэхүү тохируулгыг өндөр нарийвчлалтай гүйцэтгэдэг. Тросс суурилуулалтын дараа тодорхой хугацаанд хоосон горимд ажиллуулж, суулт өгөлт, чичиргээ, дуу чимээ, хэлбийлтийг шалган туршилт хийдэг. Үүний дараа ачаалалтай туршилт хийж, бүх үзүүлэлт хэвийн болсны дараа л гондола буюу кабин бэхлэх ажилд ордог. Ган тросс нь олон улсын стандартын дагуу үйлдвэрийн туршилт, баталгаажуулалтад орсон байх бөгөөд суурилуулалтын бүх үе шатанд мэргэшсэн инженер, техникийн хяналтын баг байнгын хяналт тавьж ажилладаг.Тийм учир дүүжин замын тээврийн ган троссыг татах ажил нь нэг удаагийн энгийн ажиллагаа бус, олон шат дамжсан, өндөр хариуцлага, нарийн тооцоонд суурилсан инженерийн цогц процесс байдаг юм л даа.

– Дүүжин замын тээврийн системийн тросс сүвлэх ажиллагааг мэргэжлийн буюу Франц талын инженерүүд гүйцэтгэх үү?
Дүүжин замын тээврийн системийн үндсэн гол бүрэлдэхүүн болох хүнд даацын тросс буюу ган татлага төслийн талбай дээр ирсэн. Ган татлага бүхий хүнд даацын дамарыг нийслэлийн авто замын бүтцэд ямар нэгэн эвдрэл, хүндрэл учруулахгүйгээр оруулж ирэхээр логистикийн нарийвчилсан төлөвлөгөө боловсруулж, бэлтгэл ажлыг ханган хэрэгжүүлсэн. Тус ган татлагат дамар нь тус бүр 56 тонн жинтэй бөгөөд хоёр ширхэг буюу нийт 112 тонн юм. Кабелийг хойд хэсэг буюу Өнөр хорооллын буудлын орчимд буулгасан. Нийт кабелийн урт нь ойролцоогоор 9 км бөгөөд төслийн хүрээнд босгосон 19 тулгуур баганын дээгүүр агаарт сүвлэн татаж, суурилуулах технологийн ажиллагааг гүйцэтгэнэ. Энэхүү 112 тонн жинтэй кабелийг тулгуур баганууд дээр агаарт нь сүвлэж, нарийн тохируулга хийх нь төслийн хамгийн нарийн, хариуцлагатай үе шатанд тооцогддог. Өөрөөр хэлбэл, 9 км урт, 112 тонн жинтэй ган кабелийг газар дээр чирэхгүй, таслахгүй, тасархай холбохгүй, харин тулгуур багана бүрийн дээр агаарт нь дамжуулах юм.

Кабель сүвлэх ажиллагаа нь өндөр нарийвчлал, тусгай технологи шаардсан онцлог процесс гэдгийг давтан хэлмээр байна. Улаанбаатарт хэрэгжиж буй төслийн хувьд тусгай зориулалтын машин, хүнд даацын дрон ашиглан хамгийн нимгэн, нарийн диаметртэй троссыг чиглэл дагуу агаарт эргүүлэн сүвлэж, улмаар уг троссыг бүтэн тойрог болгон холбодог. Үүний дараа уг троссыг ашиглан илүү өргөн диаметртэй, шат дараалсан кабелийг агаарт татаж сүвлэх ажиллагааг гүйцэтгэнэ. Эцсийн шатанд хамгийн өргөн, ойролцоогоор 6 сантиметрийн диаметртэй үндсэн даацын кабелийг агаарт сүвлэн татаж, зураг төслийн дагуу шаардлагатай түвшинд чангалдаг.

Үндсэн кабелийг бүрэн суурилуулсны дараа троссын чангалалтын болон нягтаршуулах буюу тогтворжилтын ажлуудыг дараалан гүйцэтгэж, системийн механик тэнцвэр, аюулгүй ажиллагааг хангана. Кабель сүвлэх, чангалалтын бүх ажлыг 6 дугаар сараас өмнө бүрэн дуусгахаар төлөвлөж байна. Кабель сүвлэх ажлыг дүүжин замын тээврийн чиглэлээр мэргэшсэн, олон улсын туршлагатай тусгай баг Франц улсаас ирж, зориулалтын тоног төхөөрөмж ашиглан гүйцэтгэх юм. Ажил гүйцэтгэх явцад аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавьж, олон улсын стандарт, техникийн зааварчилгааг чанд мөрдөн хэрэгжүүлэх бөгөөд ингэснээр дүүжин замын тээврийн системийн найдвартай, тогтвортой ажиллагааг бүрэн хангана.

– Ган татлага тасрахвий гэсэн айдас, болгоомжлол иргэдийн дунд байдаг?
Яармаг, Арцат-Өнөр хороолол чиглэлийн дүүжин замын тээвэр төсөлд 6 ширхэгтэй, сүлжмэл томоостой ган татлагыг ашиглаж байна. Тус ган татлагын нэг томоос нь 36 утастай бөгөөд нийт 216 ширхэг утаснаас бүрдсэн. Энэхүү татлага нь “В” маркийн, ачаа болон зорчигч тээвэрлэх зориулалттай, эрч нь задардаггүй хийцтэй. Өөрийн механик үзүүлэлт, бат бэх чанар, зүсэлтийн тэсвэрлэлтийн үзүүлэлтээрээ мөрдөгдөж буй техникийн нөхцөл, олон улсын стандартын шаардлагыг бүрэн хангасан байна. Дашрамд дурдахад ган татлага нь дүүжин замын тээврийн аюулгүй, тогтвортой ажиллагааг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд угсралт, ашиглалтын үеийн бүх үзүүлэлтүүд нь стандартын шаардлагад нийцсэн.

– Өвлийн улиралд тросс хөлдөх, мөстсөнөөс гацах аюултай гэсэн иргэдийн болгоомжлол байна. Үүнд та ямар хариулт өгөх вэ?
Иргэдийн дунд өвлийн улиралд дүүжин замын тээврийн ган тросс хөлдөж, мөстөх нь аюул учруулах вий гэсэн болгоомжлол байгааг мэргэжлийн түвшинд тайлбарлах нь зүйтэй. Дүүжин замын тээврийн системд ашиглагддаг ган тросс нь ердийн татлагаас огт өөр, тусгай зориулалтын өндөр стандартын дагуу үйлдвэрлэгддэг бөгөөд өвлийн хүнд нөхцөлд ажиллахад ямар ч аюулгүй байхаар тооцоологдсон байдаг. Юуны өмнө дүүжин замын тээврийн ган тросс нь байнгын хөдөлгөөнтэй ажилладаг тул нэг цэг дээр тогтмол хөлдөж, зузаан мөс тогтох боломжгүй. Буудлын хэсгээр тросс нь эргэлдэн хөдөлж байх явцад дамрын үрэлтээс тодорхой хэмжээний дулаан ялгаруулдаг нь мөс тогтохоос сэргийлэх чухал хүчин зүйл болдог. Мөн троссын гадаргуу нь тусгай технологиор боловсруулагдсан, чийг барихгүй, гадаргуу дээр цас, мөс тогтох нөхцөл хязгаарлагдмал төдийгүй буудал дээр мөс хусагчтай. Нөгөө талаар дүүжин замын тээврийн системийг -30 хэмээс доош температуртай, цас ихтэй, салхи ширүүн бүс нутагт олон арван жил ашиглаж ирсэн олон улсын туршлага бий. Жишээлбэл, Австри, Швейцарь, Франц, Канад, Япон зэрэг орнуудын уулын бүсийн хотууд өвлийн хатуу уур амьсгалтай нөхцөлд ч дүүжин замын тээвэр найдвартай ажиллаж байна. Эдгээр системүүд нь цас, мөсний нөлөөллийг багасгах тусгай ажиллагааны горим, байнгын хяналтын системтэй. Түүнчлэн дүүжин замын тээвэрт цагийн хяналт хийдэг мэдрэгч, хяналтын систем суурилуулдаг. Хэрэв мөстөлт үүсэх эрсдэл илэрвэл хурд тохируулах, системийг богино хугацаанд зогсоож шалгалт хийх, цас мөс цэвэрлэх зэрэг ажиллагааг аюулгүй байдлын зааврын дагуу хэрэгжүүлдэг. Тросс хөлдөж, гэнэтийн осол үүсэх эрсдэл нь техникийн болон ашиглалтын зохицуулалтаар бүрэн хянагддаг. Иймээс өвлийн улиралд дүүжин замын тээврийн ган тросс мөстөх нь аюул учруулна гэсэн болгоомжлол нь бодит инженерийн тооцоо, олон улсын ашиглалтын туршлагын хувьд үндэслэлгүй юм. Харин ч дүүжин замын тээвэр нь хүйтэн уур амьсгалтай хотуудад илүү аюулгүй, найдвартай ажиллагааг хангахаар зохион бүтээгдсэн, орчин үеийн нийтийн тээврийн шийдэл гэдгийг онцлон тэмдэглэх нь зүйтэй.

– Танд баярлалаа


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ