Нийслэлд эмнэлэг, сургууль, цэцэрлэг хүртээмжгүй, цэцэрлэгийн хүүхдээ сугалаагаар оруулдаг болсон. 600-1000 хүүхдийн цэцэрлэгийг тэрбум төгрөгөөр хангалттай барьчихна гэдэг. Гэтэл сургууль цэцэрлэг барихгүй, өргөтгөл засвар нэрээр аргацааж, харин төв талбайнхаа бургас, улиасыг тайрч, 3,2 тэрбум төгрөгөөр усан оргилуур барина гэнэ. Нийслэлчүүд чадлаараа эсэргүүцсэн ч Хотын дарга С.Амарсайхан хөмхийгөө зууж байгаад, “Заавал энэ бүтээн байгуулалтыг хийнэ” гэж хүч түрлээ.
Түүнээс гадна өнгөрсөн зун Хотын захиргааны байр хамаг хивс дрожоо хуулж байгаад “Эрдэнэт хивс”-ээр өвч хулдсан. Тэрчлэн компьютер тоног төхөөрөмжөө гурван тэрбум төгрөгөөр шинэчилсэн. Гэтэл 2020-21 онд дахиад 2 тэрбум төгрөгөөр шинэчлэлт хийхээр болжээ. Өнгөрсөн 2019 онд Нийслэлийн төр захиргааны автопаркийн шинэчлэлтийг 900 сая төгрөгөөр хийсэн бол энэ 2020 онд 500 сая төгрөгөөр машины парк шинэчлэл, засварын тоног төхөөрөмж авах аж.
