Ээлжтэй эзний албаа хүлээлцэж, бие биедээ ажлаа өгсөн Монгол Улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, ерөнхийлөгч Х.Баттулга хоёр одоо хонь чоно болчихсон яваа. Ямартаа "Шүүхийн мнө гутлаа тослоод, зангиагаа зүүгээд очно" гэж байсан Ц.Элбэгдорж “Би Монголд очмоор байна. Надад сайн хүмүүс “Та ирж болохгүй” гэж хэлж байгаа. Монголын шүүх, Монголын хуулийн өмнө би толгой өндөр очно. Харин Х.Баттулгын урилгаар очих уу яах вэ? Х.Баттулгын хэлмэгдүүлэлт, Х.Баттулгын урилгаар очих уу яах вэ?. Ийм л асуудал байна. Тэр хүн өөрөө ирээдүйд хэрэг үүрнэ гээд бүх хэргийг бусдад үүрүүлэх гээд байна” гэж тайлбарлав. Монголоос гараад 3 сар болсон экс ерөнхийлөгчид албан тушаалаа уршуулан ашигласан байж болзошгүй гэх үндэслэлээр Авлигатай тэмцэх газраас хэрэг бүртгэл нээж, прокуророос яллагдагчаар татан шалгасаар өнөөдрийг хүрч байгаа юм. Юутай ч ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 2020 оны 04 сарын 03-нд эх орондоо иржээ.
Жил гаруйн өмнө Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын ерөнхий прокурорт 179 хуудас материал өгч, шалгахыг шаардсан. Энэ нь Ц.Элбэгдоржийг шалга гэсэнтэй адил сонсогдож байлаа. Энэ хоёр эрхэм яагаад тангараг тасрав. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, одоогийн ерөнхийлөгч Х.Баттулга хоёр 20 гаруй жил сайхан нөхөрлөсөн андууд гэдэг. Гэвч ардчилсан хувьсгал эхлэх үеэр Тэмүүжин, Жамуха хоёр шиг нөхөрлөсөн андуудж эцэстээ тангараг тасарсан. Анх 2013 онд Ц.Элбэгдорж твиттерээр “Одоо ажлаа хий” гэж тухайн үед ХХАА-н сайд байсан Х.Баттулгыг зандарч, Х.Баттулга сайд “твитерт дарга цэрэг байхгүй, та ч гэсэн тэгвэл боль, тэгээд ч өнөөдөр амралтын өдөр” хэмээн хариуг нь барьсан. Улмаар цааш нь “Баярцогтын оффшор асуудал” гээд үргэлжлэн жиргэж байснаа Элбэгдорж ахиад л Х.Баттулгыг “чи бас аль нэг арал дээр нууц данстай юм биш биз.Гүлдийчихээд л яваад байх юм” гэж дайрсан. Үүнээс хойш Х.Баттулгыг байнга нүд үзүүрлэж, 2014 оны зургадугаар сарын 26-нд “Зуун чухал сэдэв” нэвтрүүлэг хийсэн Х.Баттулгыг хүлээн авч уулзан баахан камертай сэтгүүлчдийн өмнө толгой түрүүгээ загнасан. Х.Баттулгад дайж дайрч хэлсэн үг зөндөө. Ц.Элбэгдорж "Би Баттулгыг улс төрөөс холд" гэж хэлсэн гэж ярьж байлаа. Харин одоо энэ хоёр эрхмийн байр солигдож байна. Х.Баттулга төрийн тэргүүн бол, Элбэгдорж хатуухан хэлэхэд гудамжинд лааз өшиглөж яваа. Элбэгдоржийг ерөнхийлөгч байхад ХБаттулга сайд, УИХ-ын гишүүн байсан. Ц.Элбэгдорж улс төрийн карьерийг нь дуусгахыг оролдон хатуухан үг харамгүй урсгаж явсан. Одоо ээлж эргэжээ. Х.Баттулга юм санаж явснаа илэрхийлж иргэн Элбэгдоржоор оролдож эхэллээ. Ноёнтой тэрсэлдвэл толгойгүй гэж, цаазын ял сэргээхээс эхлээд Тавантолгой хүртэл санал эрс зөрөлдөн тэрсэлдсэн, төрийн тамга хүлээлгэн өгөх авахдаа ч "харцаараа зодолдсон" хоёр эрхмийн тулаан яаж дуусах бол.
