ОБЕГ-ын дарга, бригадын хурандаа Г.Ариунбуян “Дөрвөн аврагч дундаа нэгхэн хамгаалах хэрэгсэлтэй. Энэ бодит үнэн” гээд сууж байна. Үүнээс харахад тус газар нь мөнгөгүй мэт. Гэхдээ мөнгөтэй юм байна. Даан ч мөнгө нь аврагчидад бус элдэв хурал зөвлөгөөн үрэгдээд дуусдаг аж. Зуны үерээр ямар ч стандартгүй гэдэгээ харуулсан атлаа “Эрсдэл бас Стандарт” үндэсний форум зохион байгуулсан. Зарцуулалтын задагаанаас харахад “мөнгөөр зодсон” том арга хэмжээ болжээ. Ердөө 20-хан сая төгрөгөөр цай уужээ. Коридор болсон угтах хэсгийн тохижилтонд 17 сая төгрөг явжээ. Оролцогчдын мандат урилга, хаягжилтанд 14 сая төгрөг үржээ. ОБЕГ энэ форумдаа гадны байгууллагын тусламжийн мөнгийг авч хэрэглэсэн байна. НҮБ-ийн Хүүхдийн сан мандат хий гэж мөнгө өгөөгүй л байх. ДЭМБ хөтлөгчид өгөх найман сая төгрөгийг гаргая гэж тохироогүй нь лавтай. Энэ их зардлаар хийсэн үндэсний форум үр дүнд хүрээгүйг уржигдархан болсон шатамхай хий ачсан машин дэлбэрсэн аймшигт осол харууллаа. Онцгойнхон бусдаар стандарт мөрдүүлэх нь байтугай өөрсдөө ийм нөхцөлд хэрхэн ажиллах стандартгүй гэдгийг дарга Г.Ариунбуян нь хүлээн зөвшөөрсөн.
