Д.Түвшинжаргал “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлож байна.
Учир нь тус компанийн захирал асан Э.Номинчулууныг дөрөвдүгээр сараас хойш авлига авсан, эрх мэдлээ урвуулан ашигласан, бусдад давуу байдал олгосон байж болзошгүй хэмээн АТГ шалгаж байна. Авлигатай тэмцэх газрын ажилтнууд дөрөвдүгээр сарын 26-нд “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал Э.Номинчулууныг бусдад давуу байдал олгосон хэд хэдэн гэрээ байгуулж, их хэмжээний хахууль авч байх үйлдэл дээр нь дайчлан баривчилжээ. Тэрбээр 3000 ам.доллар бусдаас авч байгаад баригджээ.
Э.Номинчулуунд холбогдох хэргийг ЭЦА-наас АТГ-т шалгуулахаар шилжүүлээд удаагүй. Тус газарт шалгуулж байхдаа ийнхүү дахиад гэмт хэрэг үйлдсэн учраас 48 цагийн хугацаатай албадан саатуулсан юм.
Э.Номинчулууныг “Багануур” ХК-иас зарласан өндөр үнийн дүнтэй тендерт “Тавинлан” гэдэг компанийг шалгаруулан ажил гүйцэтгэх явцад нь төсөвт өртгийг нэмж, зургаан тэрбум төгрөгийн санхүүжилтийг найман тэрбум болгон өсгөсөн. Улмаар илүү гарсан мөнгийг тендерт шалгарсан аж ахуйн нэгжийнхэнтэй нийлж завшсан хэрэгт буруутган ЭЦА-ныхан өнгөрсөн сард шалгаж эхэлсэн юм. “Тавинлан” ХХК-ийн захирал Х.Цогнойжамцаас “Алтаргана” хотхонд 500 сая төгрөгтэй тэнцэх тансаг зэрэглэлийн таван өрөө орон сууц бэлгэнд авсан гэх үйлдэлд Э.Номинчулууныг холбогдуулан шалгаж байна.
Тэрээр 2016 оны арван хоёрдугаар сарын 15-наас хойш гүйцэтгэх захирлаар ажиллажээ.
