Дорнодын гаалийн дарга Б.Винтов нь УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн бүл ах. Дүүгээ 2016 онд Говь-Алтайд нэр дэвшихэд нь Эрдэнэтийн гаалийн даргын ажлаа өгөөд сонгуулийн ерөнхий менежерээр нь ажилласан. Харин сонгуулийн дараа Дорнодын гаалийн даргын суудалд 3 дахь удаагаа суусан. Б.Винтов нь 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр “Алтай групп”-ын 50 тонн арвайнд экспортын бүрдүүлэлт хийхийг зөвшөөрсөн албан бичгийг үйлдэн, Дорнод аймгийн Халхгол сум дахь Сүмбэр олон улсын авто замын шалган нэвтрүүлэх боомтод хүргүүлж, албан тушаалын хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, “ААТ” компанид давуу байдал бий болгосон, гүйцэтгэх захирал Ц.О-тэй бүлэглэн 2,3 тонн улаан буудайг 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Халхгол сум дахь Сүмбэр олон улсын авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг албан тушаалынхаа байдлыг ашиглаж удирдан зохион байгуулсан гэмт хэрэгт шалгагдаж байна. 50 тонн арвай нь 320 шуудай, 2,3 тонн улаан буудай нь 49 шуудай болжээ. Улаан буудай нь Монгол Улсын хилээр тарифын бус хязгаарлалттай нэвтрүүлэх барааны бүлэг жагсаалтын 23 дугаарт зааснаар стратегийн бүтээгдэхүүнд ордог. Өмнө мөн л гэмт хэрэгт шийтгүүлж байсан Г.Винтов нь энэ удаад ГЕГ-ын дарга Б.Асралтын өгсөн зөвшөөрлийг “өмнөө барьж” байгаа гэнэ. Дорнодын гаалийн дарга нь 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 01/339 тоот Сүмбэр дэх Гаалийн газрын эрхлэгч Д.Энхтайванд гэж хаягласан “Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралтын өгсөн зөвшөөрлийн дагуу Алтай группын 50 тонн арвайнд экспортын бүрдүүлэлтийг хийхийг зөвшөөрөв” гэсэн албан бичиг бичиж өгчээ. Өдгөө уг бичигт “улаан буудай” гэсэн нэг ч үг өгүүлбэр байхгүй мөн гааль нь босоо удирдлагатай тул ГЕГ-ын даргын өгсөн чиг үүргийг албан бичгээр Сүмбэр олон улсын авто замын шалган нэвтрүүлэх боомтод хүргүүлсэн гэж өөрийгөө өмөөрдөг. Гэхдээ хуулийнхан Г.Винтов нь арвайгаар халхавчилсан улаан буудай нууцаар хилээр гарах гэж байгааг урьдчилан мэдсэн атлаа, хил дээр гарах саадыг арилгах зорилгод өөрийн эрхэлж буй албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, гаалийн хяналт шалгалт хийх эрх үүрэг бүхий албан тушаалтан руу утсаар ярих, бичиг хийж явуулах зэргээр бусдад зүй бус давуу байдал бий болгоход чиглэсэн үйлдлүүдийг хийсэн гэж үзсээр байна. “Алтай групп” нь Х.Бат-Эрдэнийх гэдгийг бүгд мэднэ. Охин компани болох “Алтай Агро Трейд” нь 2011 оноос Дорнод аймгийн Халх голсумын нутаг дэвсгэрт 4,0 мянган га талбай бүхий газар тариалангийн эдлэнгийн газарт үр тариа, тосны ургамал, эмийн ургамал тариалсан. Тус группд давуу байдал олгох ажиллагаа бүр дээрээс буюу ГЕГ-ын дарга Б.Асралтаас эхэлсэн нь энэ хэргээс харагдаж байна.
