Чарльз Барри нь Нью-Йоркын метроны дархлагдсан халаасны хулгайч юм. Түүний нэр, царайг метроны цагдаа байтугай хотын бүх цагдаагийн ажилтнууд мэддэг. Дархлагдсан хулгайч халаасны хулгайн хэргээр зургаан удаа хорих ял авч байсан ч суллагдаад л шууд метрондоо ирж хулгайн ажилдаа ордог. Цагдаа түүнийг нийтдээ 139 удаа баривчилсан ч тухай бүрдээ суллагдаж байсан агаад үүгээрээ Чарльз маш их бахархдаг.
-Би од, би хүмүүсийн халааснаас өдөр бүр 200-300 доллар суйлдаг. Намайг хэн ч зогсоож чадахгүй-
Түүнийг 2020 он гараад гурван удаа баривчилсан ч гурвантаа суллаад байна. Хамгийн сүүлд 2-р сарын 14-нд барьсан агаад Чарльз цагдаагийн хэлтсийн камерт 36 цаг суугаад л шүүхийн тогтоолоор шүүх танхимаас шууд суллагджээ. Энэ бүхэн ердөө саяхан өөрчлөгдсөн Барьцааны тухай хуулиас болсон хэмээн цагдаа нар халаглаж байна. Уг хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хүч хэрэглэхгүйгээр хулгай хийж бага хэмжээний хохирол учруулсан тохиолдолд хэрэгтнийг ямар нэгэн барьцаагүйгээр шууд суллахаар заасан. Хуулийг арван хуруу шигээ мэддэг Чарльз үйлдэл дээрээ баригдахдаа ямар ч эсэргүүцэл үзүүлдэггүй, хэргийн газраас зугтдаггүй мөн хэрэлдэж маргалдадгүй гэнэ. Баригдсан л бол хонь шиг номхордог аж. Зарим тохиолдолд түүнийг халаасаа суйлуулсан зорчигчид барин авч метроны цагдаад хүргэдэг ч маргааш нь ахиад л хулгайгаа хийхээр явж харагддаг.
-Барьцааны хуулийн шинэ нэмэлт ёстой сайхан эд. Энэ хуулиар бага зэргийн хохиролтой хулгай хийсэн над шиг хүмүүс шууд л суллагддаг болсон-
Америкийн хуулиар 300 хүртэлх долларын хохирол нь багад тооцогддог аж.
