Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн.1.5-д “хамаарал бүхий этгээд” гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой хүмүүсийг заасан байдаг. Тэгвэл “Эрдэнэс таван толгой” компанийн нүүрс экспортын гаалийн бүрдүүлэлтийн ажиллагааг хариуцсан тус компаний ажилтан болон Гаалийн ерөнхий газрын албан тушаалтан нь гэр бүлийн хүмүүс аж. Тус ажлыг гүйцэтгэдэг Гаалийн ерөнхий газрын гаалийн улсын байцаагч И.Хишигбаяр, “Эрдэнэс таван толгой” хувьцаат компанийн уурхайн гаалын хяналтын бүсийн эрхлэгч Ц.Оюунчимэг нар нь нэг гэр бүлийн хоёр юм. Гэр бүлийн хүмүүсийг энэ чухал албанд тавьсан нь цаанаасаа тааруулсан уу эсвэл санаандгүй тохиолдол уу гэдэг нь тодорхойгүй байна. Гэхдээ томилгоо хийсэн дарга нар дээрхи хүмүүсийг гэр бүлийн хоёр гэдгийг мэдээгүй байх үндэслэл байхгүй. Мөн шалгалтаар 2016-2018 онд нүүрс ачилтын мэдээлэл мэдээллийн баазаас устгагдсан тохиолдол гарчээ. Түүнчлэн нүүрс ачилт хийж гарсан тээврийн хэрэгслийн бүртгэл пүүний программаас устсан хэрэг ч бас илэрчээ.
