“Алтай констракшн” компанийн захирал Х.Бат-Эрдэнэ Хөгжлийн банктай холбоотой асуудлаар хуулийн байгууллагад шалгуулж байх хугацаандаа хил давжээ. Түүнээс хойш сураггүй болсон тул түүнийг эрэн сурвалжлуулахаар Интерполд ханджээ.
Х.Бат-Эрдэнэ болон түүний хамаарал бүхий хүмүүсийн үүсгэн байгуулсан “Монгол драй милк” компани нь дотоодын зах зээлийг хуурай сүүгээр бүрэн хангаж, тэр ч бүү хэл гадаад руу экспортлох төслөөрөө Хөгжлийн банкнаас 15 сая ам.доллар буюу 47 тэрбум төгрөгийн зээл авчээ. Гэвч Хөгжлийн банканд барьцаалсан Х.Бат-Эрдэнийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө нь 47 тэрбум төгрөгийнхөө 10 хувьд ч хүрэхгүй үнийн дүнтэй байсан аж.
“Монгол драй милк” компанийн дийлэнх хувийг Х.Бат-Эрдэнэ эзэмшдэг. Гэхдээ зээл авахдаа төрсөн ах Х.Батбаасангийнхаа нэр дээр уг компанийн бүх хувьцааг шилжүүлжээ. ҮУдалгүй дахиад Э.Эрдэнэбилэг гэдэг хүний нэр дээр дахин бүх хувьцаагаа шилжүүлжээ. Хэдийгээр “Монгол драй милк” компанийн бүх хувьцаа Э.Эрдэнэбилэгийн нэр дээр шилжсэн ч Хөгжлийн банканд барьцаалсан хөрөнгө нь “Алтай констракшн” болон тэдний хамаарал бүхий аж ахуйн нэгжийнх байдаг. Ингээд ёстой "нохой сүүлээ, сүүл хонгорцгоо" гэдэг шиг ээдрээтэй байдал үүссэн аж. Иймээс эдгээр ээдрээтэй асуудлыг шийдвэрлэх тайлбар, мэдүүлгийг Х.Бат-Эрдэнээс авах шаардлагатай зайлшгүй болсон тул ийнхүү хуулийн байгууллага, АТГ Интерполд хандсан байна.
