2020 онд хотод хэрэгжсэн төсөв арга хэмжээ, тендерүүд холион бантан болж дуусжээ. Сонгуулийн жилийх гэдгээрээ бүр ч улаан цагаандаа гарсан гэхэд болно. Хамгийн наад зах нь л зураг төсөв, техник эдийн засгийн үндэслэл, газрын зөвшөөрөлгүй байхад нь батлаад, хэрэгжүүлээд санхүүжүүлсэн явсан байна. Ингэж том толгойлох тал дээр Н.Батсүмбэрэл даргатай Чингэлтэйнхэн манлайлжээ. Тус дүүргийн дарга нар зураг төсөвгүй, хугацаанд нь батлаагүй 10 төсөл арга хэмжээг явуулжээ. Нийт өртөг нь 750 сая төгрөг. Үүнд дүүргийн 16-р хороонд хийгдсэн Ахмадын төв орчмын тохижилтын 150 сая төгрөгний ажлыг дурдаж болно. Бүр том ч мөнгөний хэмжээтэй нь бас бий. 13-р хороонд Сургуулийн 33-р гудамжнаас 15-р хорооны Жаргалантын 47-р гудамж хүртэлх нийт 600 сая төгрөгний замын ажил зураг төсөвгүй батлагджээ. Зураг төсөвгүй ажил, тендер явуулахыг Төсвийн тухай хуулиар хатуу хориглосон. Гэхдээ Н.Батсүмбэрэл дээрхи маягаар хуулийн дээгүүр алхахыг “өлхөн” чадах эр дээ ...
