Энэ явдал өнгөрсөн оны 6-р сард Өмнөговь аймгийн Манлай суманд байрлах Зэвсэгт хүчний бүтээн байгуулалтын хэмээх 7780 дугаар ангид болжээ. Тус анги нь төмөр замын бүтээн байгуулалтанд оролцож байгаа билээ. Хэрэг гардаг өдрийн өглөөний 05 цагийн үед ахмад цолтой Б.Пүрэвсүрэн хохирогчийн байрладаг далан барьдаг 3-р хэсэгт согтуу ирсэн. Гэрт орж ирээд л “Сүхээ бос п-да минь” гээд босгожээ. Хохирогчийн хажууд түүний шууд харьяалах дарга нь болох ахлах дэслэгч Чойжоо унтаж байсан агаад түүнийг заан “энэ ах чинь дарга хүн, чи п-да минь ахыгаа элэг бариад байна уу?” гээд хохирогчийн зүүн талын шанаа руу нь цохижээ. “Чи ажлаа олигтой хийж чадах юм уу чадахгүй юм уу” хэмээгээд зүүн талын шилбэ рүү өшиглөж, тонгойход зүүн талын гуя руу өшиглөсөн. Дараа нь орон дээр суутал цээж рүү нь цохижээ. Ахин босгоод “хүн шиг ажлаа хий л дээ п-да минь” гээд шилбэ рүү өшиглөөд, дахин зүүн талын шанаа руу цохиод үргэлжүүлэн зоджээ. Гэрт офицерууд байсан ч хэн нь ч зодуурыг зогсоогоогүй байна. Хохирогчийг зуух тойрон зугтаахад “зогс п-да минь, чи муу ийм дэг мэдэх үү?, ийм зодуур үзсэн юм уу” гээд “номхон, зэрэгц” гэж тушаажээ. Ингээд хамар луу нь цохиж цус гаргаад баруун талын шилбэ рүү өшиглөж, тонгойход нь өвдөглөжээ. Эцэст нь хохирогчоос цус гарсан тул ахмад Содгэрэл “боль Пүүжээ” гэхэд “би өөрийнхөө хүнийг өөрөө мэдэж байна, би цэргээ зодож байна” хэмээн агсарчээ. Улайрсан ахмад хохирогчийг “гэрээс гарвал ална шүү” гээд хоёр чих рүү нь алгадаж цээж рүү нь цохиод “өнөөдөр чамайг зодно, маргааш Гомбоог зодно, Буяа ахыг чинь зодохгүй, тэр чинь миний онжав, би зүгээр л хэлнэ” гээд төмөр сандал аван цохиход хохирогч зүүн гараараа хаагаад орон дээр унажээ. Ийнхүү зодуур үргэлжилж ахин цус гарсан байна. Азаар ахмад Баяр-Эрдэнэ орж ирээд “Пүүжээ боль чи” гэхэд “за за онжий би одоо зодохгүй ээ” гэжээ. Хохирогчийг цусаа угааж байхад араас нь өшиглөөд “би өнөөдөр ууж болох юм уу, болохгүй юм уу хөөе п-да минь ээ” гэжээ. “Орой ирэхдээ архи олж ирээрэй, би ууна, тэгээд чамайг зодно ойлгосон уу?” гэхэд хохирогч айхын эрхэнд “за” гэжээ. Ийнхүү зодуураас амьд мултарч ажилдаа гарсан хойноо “энэ хүнд нэг л өдөр алуулах юм байна” гэж айгаад ээж рүүгээ утсаар ярьж хэлжээ. Ээж нь Өмнөговийн Цагаан хаднаас шууд Манлай суманд анги дээр нь ирж ангийн захирагч Зоригсайхантай уулзжээ. Захирагч өөрөө явж согтуу нь гараагүй ахмадыг авчирсан байна. Хохирогчийн биед анхан шатны үзлэг хийхэд биеийн зүүн тал нь бүхэлдээ хөхөрч, гуяа нь хавдсан байжээ. Ор, цагаан хэрэглэл нь цусанд будагджээ. Ахмад Пүрэвсүрэн ангийн штаб дээр байрладаг ч хохирогчийг зодохын тулд 7-8 км явж очсон. Хохирогчийг ангид ирсэнээс хойш л нүд үзүүрлэн гадуурхаж, согтуудаа агсам тавьж зоддог байсан нь тогтоогджээ. УИХ-аас баталсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д тусгагдсан Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Дорноговь аймгийн Зүүнбаян сум хүртэлх 414,6 км төмөр замын суурь бүтцийн ажлыг Зэвсэгт хүчний төмөр замын хээрийн 7780 дугаар болон бусад ангийнхан гүйцэтгэсэн. Энэ ажилд оролцож байгаа цэргүүд цалингаа авч чадахгүй байгаа гэх шуугиан дэгдэж байсан бол үүн дээр нэмэгдэн дэглэлтэнд өртжээ.
