УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярт оноосон ялын хугацаа дуусгавар болж, өнөөдөр (2021.04.01) хорих ангиас cуллагдлаа.
Тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Та бүгд сайн байна уу. "Улс төрийн хөл хорио"-нд 307, ажилласны шагналд +57 хоног авч, хилс ялыг шоронд дуусгав. Надад итгэсэнд БАЯРЛАЛАА. Таны зөв гэдгийг би удахгүй батална. Би Та бүгдийн адил сураггүй болсон шударга ёс, шуналгүй, өсгүй, ёс зүйт улс төрөөр маш их цангаж байна" гэжээ.
Шүүхээс Н.Номтойбаярыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа “Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл, хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд зохих хяналтыг тавиагүй, эрхэлсэн ажилдаа хайнга хандсан нь Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэн хоёр жил нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, нэг жилийн хорих ял оноосон юм.
