“Эко констракшн” компани Сэлбэ голын голдирлыг өөрчлөн, төмөр замын гүүрэн гарцыг хүчитгэн бэхэлсэн бетон тулгуурын арматур төмрийг тайрч, цэвэр усны шугам татах нүхээ ухаж эхэлсэн. Тухайн үед мэргэжлийн хяналтын газраас тодорхой хэмжээнд зөвшөөрөл байгаа ч захиалагч компанитай холбогдож чадахгүй байна, техникүүдийг буулгах арга хэмжээ авч байна гэсэн ч удалгүй дахин ухаж эхэлсэн юм.
Өчигдөр Хотын дарга Д.Сумъяабазар “Эко констракшин”-ы Сэлбэ голын хэсгээр барилга барих асуудлыг зохисгүй алдаа гэж, яаралтай засаж залруулан тус компаний захирал Нямдавааг ард иргэдээс уучлалт гуй гэлээ. “Эко констракшн”-ы Нямдавааг буцаад хэвийн хэмжээнд нь оруулахгүй бол хэдэн онд авснаас нь үл хамааран газрын эрхийг цуцлахыг даалгалаа. Хотын дарга Д.Сумъяабазар “Эко Констракшн”-д ийм байр суурьтай хандсан нь нийслэлчүүдийг баярлуулав.
Учир нь “Эко констракшн” компани Улаанбаатар хотын төв цэгийн уугуул дүр төрх, ландмаркийг устгаж, цементэн ширэнгэ болгоход хувь нэмрээ оруулсан компани гэж учир мэдэх хүмүүс шүүмжилдэг. Тухайлбал, Монголын хамгийн анхны боловсон орон сууц болох НАХЯ-ны 68 буюу Хурандаа нарын 3 давхрыг нурааж ямар ч орц гарцгүй, ачааллыг нь даахгуй, суурь нь далийсан олон давхар цемэнт цутгаж байгаа. Иргэд эсэргүүцээд дийлэхгүйгээ байгаагаа хэлсээр байгаа ч байдал өөрчлөгдсөнгүй.
Хамгаалалтад байсан Туул голын ай сав, түүний эргийг хамгийн анх массаар барилгажуулсан “нүгэлтэй”. Тэрчлэн эрх чөлөөний талбайн гол үзэмж, Ялалтын фонтаныг шинэчлэх нэрээр нурааж, оронд нь 15 давхар барилга барьсан.
“Эко Богд ар” төсөл эхлүүлсэн ч, дийлэхээ болиод хятадуудад төслөө зарж байсан. Чанаргүй, хүүхдийн зулай шиг хэврэг барилга бариулж, анх удаа барилгын стандартын хуулийг нулимсан “том” компани гэлцдэг.
Хан-Уул дүүргийн XI хорооны нутагт “Эко констракшн” компанийн барьж буй “Маршал таун” хотхоны барилгад ажиллаж байсан иргэн Ч.Б-гийн дээрээс 2018 оны тавдугаар сард тусгаарлалтын хавтан унаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан, мөн оны дөрөвдүгээр сард “Кинг тауэр-4” хотхоны барилгад туслах ажилчнаар ажиллаж байсан О.Г арматур буулгаж байгаад өндөр хүчдэлд цохиулан амиа алдсан хэрэгт холбогдуулан шалгаж буй.
“Эко констракшн”-ы барьсан барилгууд чанар муутай гэж орон сууцны хорооллынх нь оршин суугчид бослого тэмцэл хийдэг. Агаарын хоолойгүй, айл хоорондын дуу тусгаарлагчгүй гэх мэт хэл ам гарч байлаа. Одоо “Аква парк” барих нэрээр Дунд голын эргийг бүхэлд нь авсан. Ардын дуунд мөнхөрсөн Дунд голын хувь заяа яах нь тодорхойгүй.
Энэ удаа “Эко констракшн” Сэлбэ голын эргийг аймшиггүйгээр ухсан анхны компани боллоо. Сэлбэ голоо хамгаалж, сэргээх гэж яаж ажиллаж, элдэв төсөл хийдэг билээ. Гэтэл эсрэгээрээ “Эко констракшн” компани гэгээн цагаан өдөр ухаж, төмөр замын гүрэн гарцыг бэхэлсэн бетон тулгуурын арматурын төмрийг тайрах гэж оролдлоо. Хотын дарга Д.Сумъяабазар “Эко констракшн”-ы энэ үйлдлийг бүрэн зогсоож, цаашлаад газрын эрхийг нь цуцалбал нийслэлчүүд түүхэндээ алтан үсгээр бичиж, гурван үедээ шүтэж амьдаръя.
