Гадаадад том бага муж, хот дүүрэг удирдсан дарга нар сайхан бүтээн байгуулалт, шинэчлэлт дэвшил үлдээгээд буудаг. Дэлхийд энэ жишиг Монголын хөрсөнд нэг л буухгүй байна. Манайд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргаасаа эхлээд сайд, Засаг дарга, агентлаг газрын арга нар олон нийтийн шүүмжлэл дургүйцэлд адлуулж чичлүүлж, хөөгдөж туугдаж албан тушаалаа өгдөг. Тэдний хийсэн бүтээсэн нь бус харин идсэн уусан, луйвардсан ашигласан нь олны санаанд бат үлдсээр байна. Тэгвэл цагтаа цэвэр усны саван дээр нэрээ бичүүлж “мөнхжүүлж” байсан Говь-Алтайн Засаг дарга О.Амгаланбаатар өмнөх хоёр засгийнхаа хөргийг нэг сая төгрөгөөр зуруулжээ. Бодвол нутгийн удирдлагын ордны ханыг чимэглэх гэж буй биз. Хөргөө зуруулсан “азтай” экс засаг нь С.Гансэлэм, В.Рэнцэндорж нар гэнэ. С.Гансэлэмийн тухайд тамгын газрынхаа байранд тусгайлан караоке нээж ойрын “хүрээлэлтэй”-гээ шоуддаг байсан нь илэрч олныг мэл гайхуулсан нэгэн. Тэгвэл В.Рэнцэндорж нь өнгөрсөн жил тус аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга бүсгүйн амь алдсан хэрэгт холбогдоод байгаа билээ. Говь-Алтайн залуус энэ хоёрын хөргийг хараад “нөгөө караокоддог ах”, “хэрэгт холбогддог дарга” гэж таних байх даа ...
