Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад авлига, албан тушаалын хэргээр анхан шатны шүүх 6 жилийн хорих ял оноосон. Харин “тэнгэр татан авч” УИХ-ын гишүүн болж, тангаргаа өргөв. Хэцүү нэртээс суллагдсаныхаа дараа төрсөн нутагтаа очиж, уул усандаа мөргөлөө гэж явна лээ. Иргэд хорихоос суллагдах байтугай, орон нутагт амьдардаг аав ээждээ гавьяа байгуулсан ч очиж чадахгүй, цагаан сараар золгоогүй хөл хорионы журмыг сахиж сууна.
Ж.Эрдэнэбат Сэлэнгэ аймгийн Засаг даргаас Ерөнхий сайд болсон хүн. Суга дэвшинэ гэж үүнийг хэлнэ биз ээ. Энэ завсар Сангийн сайдаар ажилласан, Сэлэнгээс баараггүй сонгодог гишүүн. Аав нь сайн бөх, өөрөө Ерөнхий сайд, Сангийн сайдаар ажилласан нутгийн хүнийг яаж ч байсан сонгоно биз ээ. Анх 9942.... дугаартай утас барьчихсан, 2012 онд УИХ-ын гишүүн болон ирсэн хөдөөний бишүүрхүү залуу одоо 9911.... барьчихсан, сүүлийн үеийн жип машин унаж явна. Албан тушаалаа дагаж Ж.Эрдэнэбатын амьдрал гэрлийн хурдаар дээшилсэн. Харин сонгосон ард түмний амьдрал хэвээрээ. Ерөнхий сайд байхдаа Ж.Эрдэнэбат “МАК”-ийн гэр бүлтэй тун ойр ажилласан. Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяраас цоо шинэ “Лексус 570” бэлгэнд авлаа, өрөө төлөх гэж концесс өглөө гэсэн. Тэрчлэн 2014 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдөр Н.Номтойбаяр цоо шинэ LX570 автомашиныг Ж.Эрдэнэбатад бэлэглэсэн гэж өдөр судартай нь шуугисныг хүмүүс мартаагүй байх. “МАК”-тай өгөө аваатай, ахан дүүс шиг ажилласан Ж.Эрдэнэбат тэдний ажил бизнесийг дэмжиж, үйлдвэрийн нээлтэд морилдог байсан гэдэг. Бараг л Нямтайширийн Цэлмүүнийг төрөхөд гүйж очихоо шахсан гэж шоолж ярих юм билээ.
Ж.Эрдэнэбатын холбогдсон мэдээллийг харвал,
- Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайд байх үед улсын тусгай хамгаалалтад авсан Тост Тосонбумбын талбайтай “Элбэг Орд” компаний 14145 дугаартай лиценз давхцжээ.Энэ лицензийн нөхөн олговор болгож “Элбэг орд ”компанид “Улаансайр-1”, “Улаансайр-2” нэртэй 2 лиценз өгөнгүүтээ лицензүүдийг Ж.Эрдэнэбат өөрийн төрсөн дүү Ж.Эрдэнэтөгстэй хамтран эзэмшдэг “Хэрх илч”компаниар дамжуулан бусдад шилжүүлсэн.
- Засгийн газрын 90,91-р тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авсан Ноён уул,Тост, Тосонбумбын нуруунд лиценз эзэмшиж байсан 10-аад аж ахуйн нэгжид нөхөн олговор олгох асуудлыг шийдэхдээ уг тогтоолд огт хамааралгүй /Булган аймагт эзэмшиж байсан лиценз нь аль 2011 онд дархан цаазат газарт хамрагдсан/ “Азарган гол чонот ”компанийг хамруулж, тус компаний 4 лицензийг нь 8 лиценз болгож олгосон .
Дээрхи 2 үйлдэлд Ерөнхий сайдын албан тушаалыг урвуулан ашигласан гэж үзээд Ж.Эрдэнэбатад шүүхээс ял өгсөн байна.
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат шүүхэд: ”Надад уул уурхайн талаар ямар ч мэдэгдэхүүн байхгүй”, “Миний аав амьд сэрүүн байхдаа чи уул уурхайгаар хэзээ ч битгий оролдоорой, алт гэдэг чинь дэлхийн судас юм гэнэ лээ гэх захиасыг би өнөөдөр болтол биелүүлж ирсэн хүн. Би Сэлэнгэ аймагтаа лиценз авах боломжтой байсан ч сонирхоогүй“ гэж мэдүүлжээ.
Гэвч Ж.Эрдэнэбат Сэлэнгэ аймагт албан тушаал хашсан цагаасаа уул уурхайтай гүн бат холбогдсон. Өөрийнхөө нэр дээр лиценз байхгүй ч ойр дотныхоо хүмүүсийн нэр дээр алт олборлосоор ирсэн тухай яригддаг.
Хоёр жилийн өмнө цагдаа руу салаавч гаргаж “Салаавч” хочтой болсон Ц.Баярцогт түүний хуурай дүү. Баярцогттой хамтарч Сэлэнгийн Ялбагт хууль зөрчин алт ухаж байсан хэргээр шалгагдаж байсан гэдэг.
Мөн Төв аймгийн Заамар суманд томоохон алт олборлогч “Илт гоулд” компани Ж.Эрдэнэбатын аавын төрсөн дүүгийн хүүхэд болох Батдоржийн Байгалмаагийнх. Үеэл эгчийнхээ нэр дээр байдаг энэ компаний ард Ж.Эрдэнэбат байгааг нутгийнхан үгүйсгэдэггүй.
Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайд байхад /2017 онд/ Төв аймгийн Заамар сумын “Өвөр наймганы ам” хэмээх газарт “Эрдэнэсийн эрэг” гэх компани 15,000 га талбайд лиценз авсан. 40 тн алтны нөөцтэй энэ газрыг ухуулахгүй гэж нутгийнхан эсэргүүцэж тэмцсэн ч эцэст нь “Эрдэнэсийн эрэг” компаний 34 хувийг “Төв Эрдэнэс” Орон нутгийн өмчит компани эзэмшихээр болсон. Энэ үеэр “Эрдэнэсийн эрэг” компаний 66 хувийг эзэмшигчдийн ард мөн л “Илт гоулд” буюу Ж.Эрдэнэбатын ах дүүс байсан нь олон нийтэд ил болсон. Нутгийнхан “Эрдэнэсийн эрэг” компанийг шүүхэд өгсөн ч компани ялагдаж, лицензийнхээ талбайг 3000 га болгож багасгалаа гэсэн. Ж.Эрдэнэбатын төрсөн дүү Ж.Эрдэнэтөгс Сэлэнгийн Ерөө, Шарын гол, Зүүн хараа, Булганы Бүрэгхангай гэхчлэн маш олон газарт алт олборлосон гэх юм билээ. Ж.Эрдэнэбат нь МАН-ын дарга асан Миеэгомбын Энхболдын тун ойрын хүн гэгддэг.
