ҮХЦ-ийн дарга асан Д.Одбаярын “өгзөгний” хэргээс хойш нам гүмхэн явсан Цэцийнхэн Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор ахин олны анхааралд орлоо. Үүний хамт тэдний хангамж хангалтын тухай хөндөгдөж эхэлсэн. Цэц 458 сая төгрөгөөр тансаг зэрэглэлийн машин хоёрыг худалдан авчээ. Үүнээс үзэхэд төсөв хөрөнгө сайтай нь илт байна. Үүнийг өнгөрсөн жилд Цэцийн гишүүдийн авсан урамшууллын хэмжээ ч давхар батална. Цэцийн гишүүд Үндсэн хуулийн биелэлтэнд дээд хяналт тавих, түүнийг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх болон Үндсэн хуулийг чандлан сахиулахад идэвхи санаачилгатай ажилласан хэмээн 1, 2-р улиралд 12,2 сая төгрөгийн урамшуулал авчээ. Харин үлдсэн хоёр улиралд мөн үндэслэлээр өмнөхөөс хоёр дахин их буюу 28,9 сая төгрөгийн урамшуулал хүртсэн байна. Мөн Цэцийн гишүүдээс гадна Тамгын газрын дарга нь урамшуулалд хамрагддаг аж.
