УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн хүү Б.Энхмөрөн ЭМДЕГ-ын худалдан авалт, гэрээлэлтийн газрын даргаар томилогдсон нь олон нийтийн бухимдлыг төрүүлээд байна. М.Оюунчимэг гишүүнийг албан тушаалаа ашиглан хүүгээ газрын даргаар томилогдоход нөлөөлсөн байж болзошгүй хэмээн үзэж буй.
Төрийн албанд ажиллах хүсэлтэй иргэдээс төрийн жинхэнэ албаны шалгалт авдаг. Ингэхдээ ерөнхий болон тусгай шалгалт авдаг бөгөөд тусгай шалгалтыг тухайн албан тушаалтай холбогдуулж авахаас гадна нөөцөд байгаа иргэдээс авдаг.
Төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс 2 дугаар сарын 25-ны өдрийн хооронд бүртгэлд хамрагдсан иргэдийн нэрсийн жагсаалтаас харахад УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн хүү Б.Энхмөрөн нь ерөнхий мэдлэгийн шалгалт өгсөн ч Монгол хэл, бичгийн болон дүн шинжилгээ хийх чадварын шалгалтад ороогүй байна.

Түүний томилогдсон ЭМДЕГ-ын худалдан авалт, гэрээлэлтийн газрын даргын албан тушаал нь төрийн захиргааны албаны эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарч байна.
Гэвч Б.Энхмөрөн нь төрийн албаны шалгалт өгөөгүй учир дээрх шаардлагыг тавьж болохгүй аж. COVID-19-ийн хуулиар халхалж, төрийн албанд шалгалт өгөөгүй хүнийг сонгон шалгаруулалтгүйгээр томилсон нь эрх ашгийн зөрчил хэмээн хардахад хүргэж байна.
