Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын зарладаг тендерүүд ихээхэн өндөр өртөгтэйн дээр “сонирхолтой” зүйлс ч олон бий. Үүнээс хоёр жилийн өмнө буюу 2019 онд судалгаа, зөвлөх үйлчилгээний чиглэлээр хэд хэдэн тендер зарлаж явуулсан байна. Үүнд 2019 оны 4-р сард 300 сая төгрөгний өртөгтэй “Иргэдийн сэтгэл ханамжийн судлагаа”-ны тендерийг зарлаж байжээ. 6-р сард нь ахин “нийгэм эдийн засгийн нөхцөл байдлын талаархи олон нийтийн санаа бодлын судалгаа” хэмээх давхацсан зорилготой зөвлөх үйлчилгээний тендерийг 250 сая төгрөгийн өртөгтөйгээр зарласан аж. Мөн сардаа “Үндэсний хөгжлийн нэгдсэн бодлогын баримт бичиг боловсруулахад дэмжлэг үзүүлэх” зөвлөх үйлчилгээний 460 сая төгрөгний тендер зарлажээ. Гэтэл өдгөө Засгийн газар энэ баримт бичгийг бус зөвхөн “Алсын хараа”-гаа ярьж байгаа нь гайхалтай. Ийнхүү зөвхөн нэг жилд “бичиг цаас”-д нэг тэрбум гаруй төгрөгийг зарцуулахаар тендер зарлаж байжээ. Манайд улсын нэгдсэн болон салбарын бодлогын баримт бичиг, үндэсний хөтөлбөр зэрэг нь бараг таван мянга гаруй байдаг гэдэг. Гэтэл тэдгээрээс нэг нь хэрэгждэггүй, үе үеийн дарга сайд нарын сейфэнд тоосонд дарагдан хэвтсээр байна. Учир нь Засгийн газар өөрчлөгдөх тутамд бодлогийн шинэ баримт бичиг, үндэсний хөтөлбөр боловсруулах ажил “өрнөж” үүнд нь олон зуун сая төгрөг зарцуулагддаг нь хэвийн зүйл болжээ.
