Ардчилсан намын даргын сунгаа эхэлж нэр дэвшигчдээ тодруулаад байгаа. Тус сунгаанд 19 хүн өрсөлдөхөөр материалаа өгсөн бөгөөд тус намын Дотоод сонгуулийн хороо өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, П.Галиндэв нарыг хассан юм. Харин О.Алтангэрэл нэрээ татаж, сунгаанд 16 хүн үлдсэн.
Тэгвэл олон нийтийн эсэргүүцлийг төрүүлсэн бас нэгэн зүйл нь намын даргад өрсөлдөх эрхийн 93 сая төгрөгтэй холбоотой мэдээлэл юм.
Тэгвэл УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн 15:00 цагт нийт цугласан мөнгө 84,191,487.24 болсон бол 16:30 цагийн байдлаар 94,953,408 төгрөг цугласан байна.
Тэрбээр өөрийн цахим хуудсандаа "Баярлалаа. Нийт 780 хувь хүн, ААН-ээс 94,953,408 төгрөг цугласан байна. Хандивын 24 цагийн аянг зогсоож байна" гэжээ.
Ардчилсан намын даргад Ц.Оюунгэрэлээс гадна Д.Пүрэвдаваа, Б.Отгонбат, О.Цогтгэрэл, Б.Амарсайхан, С.Билэгсайхан, О.Амартүвшин, С.Эрдэнэболд, Ш.Жандос, Ж.Батсуурь, М.Тулгат, М.Чимэддорж, Б.Мөнхтулга, Н.Лхагвадорж, Ц.Уртнасан, Т.Энхсайхан нар өрсөлдөж байна.
