Өнөөдөр Төрийн ордонд Жендэрийн Үндэсний хорооны хурал болсон. Энэ удаагийн хурлыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ удирдсан.
Тэрээр хэлэхдээ: "Эрэгтэйчүүдийн хүйсийн тэгш бус байдал манай улсад бас хөндөгдөж байна. Эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдээс 10 насаар бага болсон. Эрэгтэй хүний дундаж наслалт буурч байгаа нь буруу хооллолт, таргалалт, архидалт, нойргүйдэлтэй холбоотой. Бид хоолны том соёлыг бий болгож, архидалтын эсрэг арга хэмжээ авахгүй бол улам бүр өснө. Мөн ходоод, нойр булчирхай, элэгний хорт хавдар нэмэгдэнэ. Эдгээр нь зөв цагтаа унтахгүй байгаагаас болж байна. Манай эрчүүд гэртээ шөнө хоёр цагт орж ирдэг. Унтаж, амрах, элгээ цэвэрлэж, шүүж байх ёстой цагт монгол эрэгтэй хүн архи уугаад, пицца, хорхог идээд байж байдаг. Үүнээс болж маш олон бэлэвсэн эмэгтэйчүүдтэй улс болох нь. Тийм учраас энэ асуудлыг хурцаар ярихаас өөр гарцгүй. Мөн манай эрчүүд бараг бүгд хэт таргалалттай ангилалд хамрагддаг. Монгол гүзээтэй генералууд олонтой болсон. Үүнийг хөндөх цаг боллоо. Буяны тарга гэдэг уламжлалт ойлголтоос салах ёстой. Энэ бол тоглоом биш учир эмэгтэйчүүд хамтдаа хөндөх цаг болсон. Шийдвэр гарах түвшинд эрчүүдийн оролцоо их байгаа ч дунд шатанд эрчүүд, хөвгүүдийн боловсролын асуудал хурцаар тавигдаж байна. “Охиноо өндөр боловсролтой болгоё, хүү минь яах вэ дээ” гэдэг бодол цөөхөн хүн амтай улсын хувьд амаргүй нөхцөл байдал бий болгож байна" хэмээн хэллээ.
