Энэ бол төрийн албанд гарч байсан хамгийн утгагүй бас үр дүнгүй томилолтын нэг гэхэд болно. Зам тээврийн сайд, ТНБД-аар ажиллаж байсан “сахал” Ж.Бат-Эрдэнийн тушаалаар “Улаанбаатар төмөр зам”-ын дарга Д.Жигжиднямаа маш “чухал” хуралд тун “хариуцлагатай” үүрэгтэйгээр оролцохоор томилолт өвөртлөн хойшоо жирийдэг байжээ. Энэ нь тогтмол болдог “Оросын төмөр замууд” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн Ерөнхий хорооны нэгдсэн хурал юм. Үүнд Монголын төлөөлөл оролцох нь “нэр хүнд”-ийн хэрэг агаад ЗТЯ-ны ТНБД Ж.Бат-Эрдэнийн баталсан томилолт, удирдамжийн дагуу ажилладаг байна. Гэхдээ удирдамж нь тун инээдтэй. Удирдамжинд зааснаар Д.Жигжиднямаа нь уг хуралд суух, илтгэх сонсох, дэмжих гэсэн гуравхан үүрэгтэй л очдог аж. Орос “ах” нарынхаа илтгэлийг сонсоогүй байж дэмжих ёстой юм бол ер нь хун явуулж хөрөнгө зарахын хэрэг баймааргүй юм. Түүний оронд “бүх илтгэлийг дэмжиж байна” гэсэн е-майл явуулбал хөрөнгө мөнгөнд ч хэмнэлттэй, Д.Жигжиднямаад ч явдал суудалгүй амар баймаар юм. Гэхдээ энэ нь “дүүгийн” үүрэг аж. Төмөр замын дарга хэн ч болсон тэрхүү хуралд оролцож толгой дохин үүрэглэж суух ажлыг хийсээр иржээ. Монголын төмөр зам хөгждөггүй олон шалтгаануудын нэг энэ байж болох юм.
