Байгуулагдаад удаагүй ч сайд нь базаахгүй байдлаараа алдаршаад байгаа нь Соёлын яам болоод байна. Соёлын сайд С.Чулууны архивын асуудлаас гадна соёлын ойлголт нь ч УИХ-ын хүрээнд эргэлзээ төрүүлэх болсон. АН-аас сонгогддсон гишүүн Н.Алтанхуяг энэ яамыг байгуулахад дэмжих санал өгч байсандаа харамссан удаатай. Тэгвэл яамны ажилтнууд нь хүртэл соёлын ерөнхий мэдлэггүй болж таарчээ. Тус яамны ТНБД Г.Эрдэнэбатын тушаалаар яамны нийт албан хаагчдад түүх соёлын үл хөдлөх дурсгал болон түүх, соёлын дурсгалт зүйл, соёлын биет бус өв, музейн дэглэлтийн талаар ерөнхий мэдлэг олгох, түүх соёлын дурсгалт газартай биечлэн танилцах сургалтыг зохион байгуулж үүнд 13,9 сая төгрөг зарцуулжээ. Үүнээс харахад яам анхнаасаа соёлын ерөнхий мэдлэгтэй хүмүүсийг ажилд аваагүй аж. Тэгээд ч ганц хоёрхон хоногийн сургалтаар ерөнхий мэдлэг авсан ажилтнууд нь цаашдын дөрвөн жилд улсын соёлыг хөгжүүлэхэд мэргэжил чадвар дутах нь мэдээж. Яаманд ерөнхий бус харин нарийн мэдлэгтэй ажилтнууд ажиллах ёстой. Бас нэг инээдтэй зүйл нь яамны ажилтнууд цэцэрлэг, сургуулийн хүүхдүүд шиг бөөнөөрөө түүх соёлын дурсгалтай газартай танилцсан байна. Зарим нь амьдралдаа анх удаа түүх соёлын дургсалт зүйл гэгчийг харсан байж магадгүй ... Энэ аялалаас өсвөр үеийхэнд өгдөг хэмжээний ойлголт л авсан биз ... Ийнхүү Соёлын яам соёл хөгжүүлэх ажлаа танилцах, сурах мэдэхээс эхэлжээ.
