Таны харж буй БХЯ-ны ТНБД бригадын генерал Х.Батбилэг, “Монгол кино” нэгтгэлийн захирал Ж.Солонго нарын он сар өдрөө ч тавилгүй хайнга баталсан энэхүү гэрээ нь татвар төлөгчдийн 300 сая төгрөгөөр УСК хийх тухай юм. Яам, кино нэгтгэл хоёр их хөрөнгө зарцуулагдаж байгаа ажилд анхнаасаа л иймэрхүү хандлага гаргажээ. Өнгөрсөн жил сүртэй тэмдэглэсэн Халх голын байлдааны 80 жилийн ойд зориулсан арга хэмжээний нэг нь бүрэн хэмжээний уран сайхны кино хийх байсан. Нэр, зохиол нь бэлэн “Бууны сумыг буцааж болдоггүй” киног төрийн мөнгөөр хийж байгаа тул сонголт төрийн өмчит “Монгол кино” нэгтгэл дээр буужээ. Хүүхдийн хүчирхийллийн тухай кино хийнэ гээд мөнгө авсан ч одоо болтол юу ч үзүүлээгүй байгаа “шүдэнз” Б.Амарсайханы дэргэд Ж.Солонго киногоо цагт нь хийгээд хүлээлгээд өгсөн. 300 сая төгрөг бол их мөнгө. Харин сайн бүтээл болсон эсэх нь өөр асуудал байх. Гэхдээ киноны дараа сайн муугийн тухай яриа биш харин Л.Дандар баатарын хувийн амьдралтай холбоотой хурц маргаан хамаатан садан, олон нийтийн дунд дэгдсэн. Гэтэл БХЯ-тай байгуулсан гэрээ ёсоор кино нь “эх оронч үзлийг дэлгэрүүлэх, байлдаанд оролцсон түүхэн баатар хүмүүсийг алдаршуулах” байсан ч зорилгоосоо ийнхүү халисан. Эцэст нь 300 сая төгрөг зарцуулаад ямар ч байсан Л.Дандар баатарын тухай нэг кинотой л үлдсэн байна.
