“Жаст”-ын Батхүүгийн балгаар “Эрдэнэт үйлдвэр”, хаа холын Африкийн “Стандарт” банкинд 100 гаруй сая долларын өрөнд унасан. Манайхан дотооддоо муудалцаж байх зуур “Стандарт” банк Хятадын томоохон банкны мэдэлд очсон. “Стандарт” банкны төлөөлөл өнгөрсөн хавар манай улсад ирж, холбогдох албаныхантай уулзсан гэнэ. Тэд “Стандарт” банкинд төлөх “Эрдэнэт үйлдвэр”-ийн өрийн талаар зар ярилцан тохиролцох зорилготой иржээ. Уулзалтын үеэр тус банкныхан 115 сая доллар бус үндсэн зээл болох 40 сая долларын өрийг яаралтай төлж барагдуул гэсэн шаардлага тавьсан бололтой. Тэд үндсэн зээл, хүү, алданги орсон 115 сая долларыг бүтнээр нь авахгүй, харин зээлсэн 51 сая долларынхоо 40 саяыг нь өгчихвөл өрийг цайруулж болно гэсэн татгалзахын аргагүй санал тавьжээ. “Стандарт” банкны төлөөлөгчид Улаанбаатарт ажиллахдаа Шадар сайд Ө.Энхтүвшин, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн нарын холбогдох албаныхантай уулзаж, нөгөө хоёр хэвлэлийнхний Шадар сайд Ө.Энхтүвшин, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн нар “Ажлын хэсэг сайн ажиллаж 115 сая долларын өрийг бууруулж 40 сая доллар төлөхөөр болсон. Бүх өр цайрсан. Ажлын хэсэгт баяр хүргэх ёстой” гэж мэдэгдсэн билээ. Ардын намын дархлагдсан гишүүн, айхтар өвгөдөд ард түмэн итгэхгүй, чин үнэндээ баярлахгүй л байна. Цааз жинхэнэ хэргийн эзэд, хэнгэргийн дохиур нь болсон ТӨХ-ын дарга асан “Сугардаггүй” гэгддэг Сугар, “Эрдэнэ үйлдвэр”-ийн захирал асан Ч.Ганзориг, Улаанбаатар төмөр замын дарга асан Т.Очирхүү зэрэг, дээр нь нэмээд “Жаст”-ын Батхүүд хариуцлага хүлээлгэх ёстой гэлцэж байна. Энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаж байгаа. Ард түмэн татвар төлөгчдийн мөнгөөр энэ өрийг төллөө гэхээр “Үгүй ээ, Эрдэнэт үйлдвэр”-ийн Эрсдэлийн сангаас гаргасан юм тайлбарладаг. Ингэхэд “Эрдэнэт үйлдвэр”-ийн эрсдэлийн сан гэж юу вэ. “Эрдэнэт үйлдвэр”-ийн эрсдлийн сан гэдгийг 2016 онд байгуулагдсан гэдэг. Нөгөө муу нэртэй, луу данстай 49 хувийнхан тус үйлдвэрт очсоноор цэвэр ашгаасаа уг өртэй холбоотой эрсдэлийг тооцоолж энэхүү санг байгуулсан гэдэг. Тэнд одоогоор хэдэн төгрөг байгаа нь нууц, хэн ч таашгүй хэвээр байна. Үүнийгээ “Эрдэнэт үйлдвэр”-ийн нууц хадгалах журам гэгчид тусгаж, энэ талаар хатуу заажээ. Цэвэр ашгийн хувьд “Эрдэнэт үйлдвэр” 2016 онд 27 тэрбум төгрөг, 2017 онд 320 тэрбум, 2018 онд 440 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Эрсдэлийн санг цэвэр ашиг 27 тэрбум байх үед байгуулсан гээд бодоход эрсдлийн сангийн хөрөнгө уг өрийг дарж хүрэлцэх боломжтой. Нэмж хэлэхэд “Монголын зэс корпораци”-ийнхан 49 хувийг эзэмших хугацаанд 2016 онд хэмнэлт дөрвөн тэрбум төгрөг, 2017 онд 21.3 тэрбум төгрөг, 2018 онд 25.1 тэрбум төгрөгийг худалдан авалтаасаа хэмнэсэн гэдэг. Энэ мөнгөнөөс эхнээс нь гараа угаагаад эхлэв үү гэсэн хардлага гарч байна.
