Энэ оны намраас төлбөрийн чадвар нь муудсан хоёр банкаар Үндэсний хөрөнгө оруулалтын банк болон Чингис хаан банкыг дурдан шуугисан. Энэ хоёр банкинд “Эрдэнэт” үйлдвэрийн 45 тэрбум, “Эрдэнэс таван толгой”ХК-ийн 28 тэрбум, ЭМДЕГ-ын 25 тэрбум, “Таван толгой” ХК-ийн 10 тэрбум, Хадгаламжийн даатгалын корпорацийн 10 тэрбум, НДЕГ-ын таван тэрбум, Хөгжлийн банкны нэг тэрбум, Сангийн яамны хоёр тэрбум, Албан журмын даатгагчдын холбооны 1.7 тэрбум, ЖДҮХС-гийн 1.4 тэрбум гээд төрийн өмчит компани, яам, агентлаг, сангийн нийт 120 тэрбум төгрөг байршиж байгаа гэнэ. Ямар ч байсан ЖДҮХС-гийн нэлээд хөрөнгө Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд байршиж байгаа нь илт. Хөгжлийн банкны алдарт 888 төсөл гэгчээс нэлээдийг нь энэ банкаар дамжуулан зээлдэгчидэд зээлүүлжээ. Тэгвэл банк 2019 онд төлбөл зохих 232,9 сая төгрөгөө төлөөгүй байна. Мөн ЖДҮХС-гийн удирдлага ч нэхээгүй аж. Үндэсний хөрөнгө оруулалтын банкны 56,9 хувийг сумогийн аварга Д.Дагвадорж, 15,9 хувийг хотын дарга ах нь зэмшдэг байна. Төрийн эрх мэдэлтнүүд төлбөрийн чадвар нь муудаж байгааг мэдсээр байж хөрөнгөө таталгүй суусаар төтвар төлөгчдийн асар их мөнгийг алддаг болохыг дампуурсан “Капитал” банкны жишээ харуулсан.
